Их Британийн HMS Defender хөлөг зургаадугаар сарын 14-нд Хар тэнгис рүү аялах замдаа Истанбулд
Их Британийн батлан хамгаалах яамны маш нууц бичиг баримт автобусны буудлаас олдсон тухай өчигдөр мэдээлжээ. Нууцад хамаарах материал хэрхэн гудамжинд хаягдсаныг мөрдөж шалгах ажил эхэлсэн байна.
Сөрөг хүчний Лэйбор намынхан үндэсний аюулгүй байдалд хор хохирол учирсан эсэх талаар мэдээлэл өгөхийг Борис Жонсоны засгийн газраас шаарджээ.
Батлан хамгаалах яамны нэг ажилтан нууц бичиг баримтыг алдсан тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан юм.
Тэгвэл Мягмар гарагт 50 хуудас бичиг баримтыг Кент дахь автобусны буудлаас нэгэн иргэн олоод засгийн газартаа мэдэгджээ. Алдагдаад автобусны буудлаас олдсон материалд Хар тэнгис дэх Украины харьяаны бүсээр Британийн тэнгисийн хөлөг онгоц нэвтэрвэл ОХУ-ын талаас ямар хариу үйлдэл үзүүлж болохыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, Афганистан дахь Британийн цэргийн баазын цаашдын төлөвлөгөө гэсэн хоёр хэсэг бичиг баримт багтаж байсан гэнэ.
Нууц бичиг баримт алдагдсаны дараа Лхагва гарагт Британийн тэнгисийн флотын HMS Defender хөлөг Хар тэнгисийн Крымийн хойгийн ойролцоо усанд нэвтрэх үеэр ОХУ-ын зүгээс анхааруулах гал нээж чиглэлийг нь өөрчилсөн явдал хоёр орны харилцаанд зөрчил маргаан үүсгэсэн юм.
Лэйбор намын сүүдрийн засгийн газрын батлан хамгаалахын сайд Жон Хили “Үндэсний аюулгүй байдалд хамаатай нууц бичиг баримт алдагдсан явдал нь ичмээр бөгөөд санаа зовоосон асуудал юм. Засгийн газар үүнээс үүдэлтэй үндэсний аяулгүй байдалд хор хохирол учирсан эсэх, цэрэг дайны ажиллагаанд нөлөөлсөн эсэх, дахин ийм алдаа доголдол гаргахгүй байж чадах эсэх талаар ард иргэдэд мэдээлэл өгөх шаардлагатай” гэж мэдэгджээ.
Британийн батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд “Өнгөрсөн долоо хоногт нууц бичих баримт олдсон тухай мэдээллийг бид нэгэн иргэнээс авсан. Манай яам энэ хэргийг онц ноцтой гэж үзээд мөрдөн шалгаж эхлээд байна. Холбогдох ажилтан тухайн үед бичиг баримт алдсанаа мэдэгдсэн. Одоогоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн байна.
Эх сурвалж: The Guardian