Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнав.
Медалийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр гардуулжээ. Тэрбээр, Монгол, Туркийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ноён Эмрах Устаомер үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолж, хоёр орны найрамдалт харилцаа цаашид улам бүр бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Ташрамд дурдахад, “Найрамдал” медалийг Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог аж.