29 ДҮГЭЭР СУРГУУЛЬ СУРАГЧ ХӨГЖЛИЙН ТАНХИМТАЙ БОЛЛОО

Монгол Экологи төв Австралийн Засгийн газрын бичил төслийн санхүүжилтээр сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй сурагчдын 29 дүгээр сургуульд сурагч хөгжлийн танхим засч тохижуулан, хүлээлгэн өгчээ.

Орчин үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, интернет, ном, гарын авлага бүхий тус танхимд сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хичээлээс гадуурх сургалтад хамрагдах, багаар ажиллах боломжтой.

Тус сургуулийн сургалтын менежер Т.Ундрал хэлэхдээ, “Манай хүүхдүүд хичээлийн завсарлагаар энд зүгээр сууцгаадаг, хий орон зай байсан. Үүнийг Австралийн Засгийн газрын дэмжлэгтэй Монгол Экологи төв дүүргэж өгсөнд маш их талархаж байна. Хүүхдүүд маань өөрийгөө хөгжүүлэхээс гадна сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эмч нар сургалт явуулах боломжтой маш сайхан иж бүрэн тохилог танхимтай боллоо” гэв.

Танхимын түлхүүр гардуулах ёслолд Монгол Экологи төвийн гүйцэтгэх захирал, хөтөлбөрийн зохицуулагчид, 29 дүгээр сургуулийн сургалтын менежер, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, 12 дугаар ангийн сурагчид оролцжээ.

Монгол Экологи төвийн гүйцэтгэх захирал Ё.Бадрал, “Ахлах ангийн сурагчид хичээлээс гадуурх цагаа өнгөрөөх орон зай бий болгосон гэж үзэж байна. Интернет орчинг нь шийдсэн, номын сантай гэх мэт аль болох чөлөөт уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээсэн. Энэ танхимд тулгуурлаад бид цаашид олон хөтөлбөр хийхээр төлөвлөсөн. Танхимын тохижилт болон хөтөлбөрийн санхүүжилтийг Австралийн Засгийн газрын туслалцаатай хийж байна. Сургуулийн захиргаа, багш нартай хамтраад бид цахим контент хийхээр төлөвлөөд байна” гэв.

Төслийн хүрээнд тус танхимаас гадна сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй хүүхэд залууст зориулсан дохионы хэлтэй, мэдлэг олгох видео контент хийж буйгаа Монгол Экологи төвийн хамт олон үзүүллээ. Мөн наймдугаар сард 29 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдыг нийгэмшүүлэх, урам зориг өгөх зорилготой нэг өдрийн ажил зохион байгуулах аж.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү