“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Монгол улс дах “Монгол Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий холбоо” төрийн бус байгууллага хооронд /2021.06.22/ “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Тус санамж бичигт “Замын-Үүд” чөлөөт бүсийг төлөөлж Захирагч А.Энхзул, Олон улсын бизнес эрхлэгчдийн холбоог төлөөлж Монгол Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны дэд тэргүүн П.Мэргэн нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Тус санамж бичгийн гол зорилго “Монгол Улсын “Замын-Үүд” чөлөөт бүс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Монгол Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо төрийн бус байгууллага” хоорондын худалдаа, эдийн засгийн харилцан ажиллагааг эхлүүлэн хөгжүүлэх, чөлөөт бүсэд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх таатай орчинг бүрдүүлэх замаар чөлөөт бүсийн үйл ажиллагааг БНХАУ-ын иргэд, аж ахуйн нэгжид сурталчлан хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдыг дэмжих” юм.