Ерөнхийлөгчийн СҮҮЛИЙН ЗУУЛТ: Эмзэг цэгийг нь ҮХЦ дээр унагааж, цаг “идэж”, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар тэвдэв

Үндсэн хуулийн цэц халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, хуралдаануудаа хойшлуулж байна. Энэ дунд УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хэлэлцэх Их суудлын хуралдаан багтсан.

Тодруулбал, Цэц Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, 03 дугаар дүгнэлт гаргасан. Харин тус дүгнэлтийг УИХ хэлэлцээд, хүлээж авах боломжгүй гэж үзсэн тул тус 41 дүгээр тогтоол батлагдсан байдаг. Одоо энэ тогтоолыг Цэц хэлэлцэж байж процесс өрнөхөөр хүлээгдэж буй.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЭЛ БА ШЕЗ, ШСХ

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Б.Энхбаяр нарын МАН-ын гишүүд идэвхийлэн хэлэлцүүлж, энэ оны эхээр батлуулсан. Хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Том хүрээндээ олон зөв чиг шугам бүхий өөрчлөлтүүд тус шинэчилсэн найруулгад багтсан. Харин улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн шүүх засаглалд нөлөөлдөг эрх мэдлийг тайрч, богиносгосон.

Уг нь Ерөнхийлөгч Үндсэн хуулийн дагуу бүх шатны шүүгчид болон УДШ-ийн Ерөнхий шүүгчийг томилдог хэвээрээ байгаа. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн томилгоонд шууд оролцож чадахаа байсан онцлог бий. Эдгээр бүтэц нь шүүх салбар өөрөө өөрийгөө хянадаг тогтолцоог бий болгох концепцтой юм. Энэ ч утгаараа ШЕЗ, ШСХ-нд нөлөөлж чадахгүй болсноор үе, үеийн Ерөнхийлөгчийн шүүх засаглалд гар дүрэх боломжийг хааж буй.

Гэхдээ намар, хаврын улс төрийн дийлэнх нь “МАН-ын эсрэг Х.Баттулга” гэсэн хэлбэртэй өрнөсөн. Иймд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг идэвхийлэн батлуулсан нь Х.Баттулгын эрх мэдлийг тайрах оролдлого мэт дүр зурагтай уншигдаж байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга ч тус хуульд хориг тавьсан, хоригийг УИХ хүлээж аваагүй.

ЦЭЦ ДЭЭР ЗААЛТ УНАСНААР ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ ДАХЬ 120 ХОНОГ ХОРОГДОЖ БАЙНА

Харин дахин нэр дэвшиж чадахгүйгээ нэгэнт мэдсэн хойноо тэрбээр уг хуулийн зарим зүйл заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн байна хэмээж, Цэцэд хүсэлт гаргасан байдаг. Энэ дагуу Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан дөрөвдүгээр сарын 28-нд хуралдаж, яг ШЕЗ болон ШСХ-ны гишүүдийг томилохтой холбоотой заалтуудыг нь түр түдгэлзүүлж, эхэнд дурдсан 03 дугаар дүгнэлтийг гаргасан.

Гэтэл энэ үед хуулиа батлуулчихсан улс ШЕЗ, ШСХ-гоо бүрдүүлэх ажилдаа хэдий нь орсон байв. Тодруулбал, тус бүтцүүдийн шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг хүртэл байгуулж, ШЕЗ-ийнхөд 29, ШСХ-ныход 24 хүнийг тус тус бүртгээд байсан. Ингэж байтал Ерөнхийлөгч хүсэлт гаргаж, Цэц дүгнэлт гаргаснаар энэ процесс таг гацсан.

Мэдээж МАН олонх парламент Цэцийн дүгнэлтийг бушуухан үгүйсгэж, 41 дүгээр тогтоолоо баталсан ч түүнийг нь хэлэлцэхгүй цаг авсаар байна. Хэдий хүртэл Үндсэн хуулийн цэц хуралдаануудаа хойшлуулах нь тодорхойгүй. Энэ хэрээр ШЕЗ, ШСХ-ны гишүүдийг томилох процесс удна.

Гэтэл Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын Дагаж мөрдөх журмын тухай хуульд, хууль хэрэгжиж эхэлснээс 120 хоног буюу дөрвөн сарын дотор ШЕЗ, ШСХ-ны гишүүдийг томилж, дуусгана гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл энэ процесс долдугаар сарын 1 хүртэл ийм маягаар царцчихвал дахиад хуульдаа өөрчлөлт оруулж, “120 хоног” гэдэг тоогоо засах асуудал ч яригдах нөхцөл бүрдэх юм.

Тийм ч учраас Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангах ажлын хэсгээс яг “120 хоногийн дотор асуудлаа шийдэх боломжгүй болчихлоо” гэдэг агуулгаар санал гаргаад буй. Энэ санал нь өнгөрсөн долоо хоногийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн билээ.

ЯГ ЯМАР ЗААЛТ ВЭ: Б.ДЭЛГЭРСАЙХАН ГИШҮҮНИЙ ӨНЦӨГ БА МАН БҮР “ГАЛЗУУРАХ” УУ

ХЗБХ-ны хуралдаанаар Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд “Бид шүүх эрх мэдлийг нэг хүнд төвлөрдөггүй болгохын тулд л энэ реформыг эхлүүлсэн. Ингэж цаг хугацаа алдаад баймааргүй байна. Цэц улс төрийн нөлөөнд автаж байна. Хурдхан хуралдаад, процесс явуулаад өгөөсэй” гэсэн утгаар дуугарч байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Б.Энхбаяр та нар бүх юмыг ингээд бүтчихнэ гэж санадаг гэнэн материалист хэвээрээ л байна. МАН дотор байгаа бүлэглэл наадхыг чинь хийлгэхгүй болиулна. Цэц нь ч нөлөөнд автдаг боллоо” гэдэг өнцөг хэлсэн.

Зарим талаас Х.Баттулгын үед “Шударга шүүх” гэж дуугарчхаад, өөрсдөө энэ заалтаа Цэц дээр гацааж, У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болонгуут хасах нь, “Хонгилын түлхүүрийг өгөх нь” гэж хардаж буй. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хувьд, “Цэц зөв дүгнээд байгаа юм биш үү. Шүүх засаглал УИХ-аас хараат болчих нөхцөл харагдаж байна. Та нарын үед явдаг л юм байж. Дараа, дараагийн парламентаар өөр нам олонх болж, энэ заалтаар чинь дураараа дургивал яах вэ. Зарим юмыг орхиж сураач” гэж дуугарч байгаа.

Хуулийн заалтын агуулга нь ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, УИХ-аар нээлттэй сонсгол хийж томилно. Яг сонгон шалгаруулалтын процесст оролцохгүй ч томилох, томилохгүйг шийдэж буйгаараа УИХ нөлөөлж буй нь бол илтэд.

Энэ үүднээс хараат бус байх шүүх засаглалын зарчимд харшилж байна хэмээн Үндсэн хуулийн цэц үзээд буй юм.

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү