Эрчүүдэд сэтгэлээ уудлах “аюулгүй бүс” шаардлагатай байна

Эрчүүд бие биетэйгээ ярилцаж дэмжсэнээр ганцаардал, сэтгэл зүйн тусгаарлалтаас өөрийгөө хамгаалж чадна.

 

Хүндлэлд Хүйс Хамааралгүй” аяны хүрээнд “The New York Times” сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Өнгөц харвал цар тахлын өмнөх Шон Кушиган, Жефф Комптон нарт нийтлэг зүйл бараг байгаагүй. 37 настай ноён Кушиган банканд шинжээч хийдэг, ихэд нээлттэй бөгөөд найз нөхөд нь ч түүнтэй адилхан нийтэч. Тэд хааяа нэг цуглахдаа зовлон зүдгүүр ярилцаж, сөрөг уур амьсгал үүсгэх дургүй, гуниж гутрах нь түүний хувьд сул доройн шинж. Харин 37 настай ноён Комптоны хувьд онлайн худалдааны сайтад IT хариуцсан ахлах мэргэжилтэн хийдэг, өөрийгөө тэрбээр дотогшоогоо хүн гэж тодорхойлох агаад найзуудынхаа асуудлыг хүлээцтэй сонсож зөвлөдөг нэгэн.

Цар тахал дэлхийг нөмөрснөөс гурван сарын дараа өөр өөр хотод амьдардаг, хэзээ ч нүүр тулж байгаагүй энэхүү хоёр эрхэмд яг ижил асуудал тулгарч эхэлжээ. Ноён Кушигиан гунихрах нь ихэсч, сэтгэл гутралд автаж, согтууруулах ундаа ихээр хэрэглэж, тэр ч бүү хэл амиа хорлох тухай хүртэл бодож эхэлсэн байна. Харин ноён Комптон хүнсний дэлгүүр орох бүртээ хүмүүсийн царай дахь айдас, сандралаас өөрийгөө тольдох шиг болж мэгшдэг болжээ.

Кушигиан, Комптон нар бол хөвгүүд болон эрчүүдийн сэтгэл зүйн байдлыг сайжруулах номдоо зориулж ярилцсан олон залуусын төлөөлөл юм.

Ганцаардал болон сэтгэл зүйн тусгаарлалтыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга нь бусдаас дэмжлэг авах гэдгийг эрчүүдийн цөөн хэдэн хувь нь л мэддэг.

Нийтийн эрүүл мэндийн хямралын тэргүүн эгнээнд эрчүүд байгаа нь тохиолдол биш. Бодоод үздээ, ажилгүйдэл, мансууруулах бодисонд донтох, хэтрүүлэн хэрэглэх, бэлгийн дарамт үзүүлэх, спиртэд хордож үхсэн тохиолдол, ганцаардал болон амиа хорлолт тэднийг л тойрон эргэлдэж байна. Цар тахлаас өмнө шүү, одоо бол байдал бүр ч дордсон. Энэтхэгийн хүн ам зүй судлаач COVID-19 цар тахлаас үүдсэн хатуу хөл хорионы дэглэмтэй холбогдуулан хийсэн мета судалгаандаа “эрэгтэйлэг шинж чанарыг тодорхойлсон уламжлалт дүр төрх, хүлээлтэд эрэгтэйчүүдийг нийцүүлэхийн тулд асар их дарамт үзүүлж байгаа нь тэдний амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг” тухай дурджээ. 

Сөрөг мэдрэмжээс зугатаах нь сэтгэл гутрал тэргүүтэй сэтгэл мэдрэлийн өвчинд хүргэдгийг судалгаагаар тогтоосон. Гэсэн хэдий ч эрчүүд сэтгэл зүйн туслалцаа авах нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад дэндүү бага байдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэж авлаа. Харин эрэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд бидний бодож төсөөлснөөс ч илүү эмзэг гэдгийг бид төдийлөн анзаарсангүй. Сэтгэл гутралд орсон эмэгтэйг ихэвчлэн гуниг, дүнсгэр байдал, хоолны дур солигдсон, эсэхээр шинжиж болдог. Эсрэгээрээ эрэгтэйчүүд уур уцаар, омголон зан, эрсдэлт зан үйл, согтууруулах, эсвэл мансууруулах бодисын хэрэглээ зэргээс гадна дасгал хөдөлгөөн хийх, ажилдаа төвлөрөх маягаар сэтгэл гутралаа далдалдаг.

Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, ач холбогдлыг таниулах зорилготой Их Британийн Priory нэртэй байгууллагаас 2015 онд нэгэн судалгаа явуулж. Үүндээ тэд 1,000 эрэгтэйг оролцуулсан бөгөөд 77 гаруй хувь нь айдас, сэтгэл гутралд өртсөн байгааг тогтоожээ. Оролцогчдын 40 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд нь ажлын гүйцэтгэл, эцэг байх үүрэг, бусадтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлдөг гэж хариулсан байна. Хамгийн гол нь амиа хорлох тухай бодлууд эргэлдэж, өөрийгөө өвтгөхдөө тулсан үедээ л мэргэжлийн туслалцаа хүсдэг гэжээ.

Хэрэв эрчүүд эмэгтэйчүүдийн адилаар нэгэндээ зовлонгоо ярьж, сэтгэлээ уудалдаг бол байдал иймдээ тулахгүй байхсан. Хоёр жилийн өмнө Шинэ Зеландын эрдэмтэд 20-40 насны эрчүүдийн дунд явуулсан судалгаа явуулсан ба чингэхэд тэд эмэгтэйчүүдээс дутахгүй олон хүрээлэлтэй ч сэтгэлээ уудлаад байдаггүйг анзаарчээ.

Номондоо зориулж уулзаж ярилцсан олон хөвгүүд, эрчүүд өөрсөдтэйгөө адилхан зовлонтой, нэгнээ дэмжих хүрээлэл огтхон ч хэрэггүй гэцгээж байв. Учир нь тэдэнд дотнын гэсэн итгэж найддаг ганц, хоёр найз бий. Өөрөөр хэлбэл, тэд асуудлаа цөөн хүнд, тун болгоомжтойгоор, өөрийн хүсэлд үндэслэн яридаг бөгөөд би номдоо үүнийг “зорилттой ил тод байдал” хэмээн нэрлэсэн. Эрчүүд ойр зуурын зөвлөгөө авах тал дээр ойрын хэдэн найздаа итгэдэг ч энэ нь сэтгэл зүйн эрүүл мэндэд нь төдийлэн нэмэр болдоггүй.

2016 онд нийтлэгдсэн “The Psychology of Friendship” буюу “Нөхөрлөл ба сэтгэл судлал” номд өгүүлснээр бол хөвгүүдийн нөхөрлөл ихэвчлэн өрсөлдөөний далд шинжтэй байдаг нь сэтгэл хөдлөлөө үнэнчээр илэрхийлэхэд нь саад болдог аж. Багаасаа ийнхүү манлайллын төлөө өрсөлдсөнөөр бусад эрчүүдэд итгэх итгэлийг нь үгүй хийх үр суудаг байна. Яг ийм шалтгаанаар ноён Комптон эрэгтэй гэхээс илүү эмэгтэй хүнд итгэж, гүн мэдрэмжээ илэрхийлдэг аж. Түүний хэлж буйгаар эрэгтэй найзууд болон гэр бүлийн гишүүд нь итгэл даахааргүй бөгөөд хамгийн сүүлд дунд сургуульд байхдаа л эрэгтэй хүнд сэтгэлээ уудалж байсан гэнэ.

Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүд цугларан нэгэндээ сэтгэлийн дэм үзүүлэх нь ихэссэн. Эрчүүд жинхэнэ өөрийгөө дэлгэж болох аюулгүй орон зай хүсдэг учраас эдгээр бүлэг хүмүүс өөрсдийгөө контейнер буюу “агуулах” хэмээн нэрийддэг. Тэнд очсоноор эрчүүд “ачаагаа” хөнгөлж, эрэгтэй хүнд итгэх итгэлээ эргүүлэн олж авах ач холбогдолтой.

“Уудалснаас үхсэн нь дээр” нэртэй Ирландын нэгэн судалгаанд сэтгэл гутралд автсан эрэгтэйчүүд сэтгэлийн дэм ихээхэн хүсдэг ч “арчаагүй”, “эмзэг”, “эрийн шинжгүй” гэж шүүмжлүүлэхээс эмээсэндээ баг зүүдэг тухай дурджээ.

Ноён Комптон зовлон нэгт эрчүүдтэй өнгөрсөн хавраас эхлэн цахимаар харилцах болж, удалгүй биечлэн уулзаж эхэлсэн. Анх уулзахад сандарч, дотор нь муухайрч, бүр огиулсан тухайгаа тэрбээр хуваалцав. Сэтгэлээ уудлахад нь бусад эрчүүд дээрэлхэж, элдэвлэдэг байснаас ийнхүү сандарсан гэж хожим тэрбээр үнэнээ хэлсэн гэнэ. Хоёр дахь уулзалтдаа очсонгүйд группийнх нь нэг гишүүн холбогдож, зүгээр эсэхийг нь лавлан энэ хүртэл зориг гарган сэтгэлээ уудалсанд нь талархал илэрхийлжээ. Комптон “Өөр эр хүн миний үнэнч байдал, гүн мэдрэмжийг хүлээн зөвшөөрч байна гэхээр надад их гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн” хэмээв.

Ноён Кушигиан мөн адил туслалцаа эрж, өөрт хэрэгтэй зүйлээ олсон нь сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн цахим хэлэлцүүлэг өрнүүлдэг сайт байлаа. Харвардын анагаах ухааны сургуулийн Олон улсын анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн багш Жон Наслунд энэ төрлийн цахим хэлэлцүүлгийг тусламж эрэх үр дүнтэй анхны алхам гэж тодорхойлсон. Түүнчлэн өөрт тулгарсан асуудлуудыг хуваалцах, зөвлөгөө авах итгэлийг нь барьж босгох ач холбогдолтой гэв.

Иймэрхүү платформууд хувийн мэдээллийг нууцлах тохиргоотой. Цахим сэтгэцийн эрүүл мэндийн талаар судалдаг доктор Наслунд “Чанарын эрт үеийн судалгаагаар энэ мэт тохиргоо нь эрчүүдэд харилцаа үүсгэж, зовлон нэгтэй хүмүүсээс асуудлаа даван туулах стратеги сурахад нь ихээхэн дэмжлэг болдог. Өөрийгөө эрэлхийлэх, таньж мэдэх зан үйлийг ийнхүү дэмжих нь үнэхээр ач холбогдолтой байна” хэмээжээ.

Ноён Кушигиан сэтгэл зүйн туслалцаа эрж буй эрэгтэйчүүдэд зориулсан дэлхийн анхны цахим групп гэгдэх tethr.men платформыг өнгөрсөн намар хүртэл үнэгүй ашигласан. Тус сайтыг Британийн Колумбийн их сургуулийн Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд судлалын хөтөлбөр болон HeadsUpGuys.org сайттай хамтран хөгжүүлсэн тухай үндэслэгч Мэтью Зеркер хэлсэн байна.

Кушигиан одоо сэтгэлээ уудлахаас эмээхээ больсноор сэтгэл зүйн тусгаарлалт нь үлэмж хэмжээгээр буурсан аж. Тэрбээр “Одоо би ганцаараа байхаа больсон” гэв.

 

Эх сурвалж: www.nytimes.com

 
 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү