Үерийн байгууламж дотор ААН-үүд барилга барьж, айлууд бууж байна

Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, мөн авто замын  борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Нийслэлийн хэмжээнд  нийт 153 км далан суваг, 163 км  авто замын борооны ус зайлуулах  шугам бий. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяатай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт нийслэлд болсон үерийн нөхцөлд танай байгууллага хэрхэн ажиллав. Хүн хүч, тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байна вэ?
-Зургадугаар сарын 6, 7-нд  орсон цас, борооны улмаас хот маань үерийн эрсдэлтэй нөхцөл байдалд орсон. Манай байгууллагын ажилчид үерийн эрсдэлтэй нөхцөл үүссэн цагаас эхлээд өнөөдрийг хүртэл ус сорох, үерийн эрсдэлд өртсөн далан сувгийг сэргээх  ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. Улаанбаатар хотын  хэмжээнд Дунд гол, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор үүссэн үерийн эрсдэлтэй нөхцөлд манай байгууллагаас гадна Нийслэлийн Онцгой байдлын газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар,  Захирагчийн ажлын алба зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Гэсэн хэдий ч хүн хүч хүрэлцэхгүй л байгаа. Манай байгууллага уг нь 37 техник, тоног төхөөрөмжтэй гэж явдаг боловч дийлэнх нь эвдрэл, гэмтэлтэй. Тодруулбал,  бүрэн  хүчин чадлаар ажиллаж байгаа 16 техник, тоног төхөөрөмж байна. Техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийн шалтгаан нь олон жилийн насжилттай холбоотой. Сая үүссэн  үерийн  нөхцөл байдалд Улаанбаатар хотод байдаг бүх л  ус соруулах машин очиж ажилласан. Гэхдээ л хүч хүрэхгүй, техникийн дутагдалд орлоо.

-Үерийн далан сувгийг хааж, боох зэргээр барилга барьдаг. Үүнээс болж үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа юу?
-Улаанбаатар хотод барилга их баригдаж, шинэ суурьшлын бүсүүд бий болж байна. Бид үерт автсан бүх газраар явж, үзлэг, шалгалт хийсэн. Гэтэл үерийн  барилга, байгууламж  дотор аж ахуйн нэгжүүд барилга барьж, айлууд бууж байна. Энэ нь Улаанбаатар хот үерийн аюулд өртөх нөхцөлийг бий болгож байгаа юм. 

-Геодези, усны барилга, байгууламжийн газрын зүгээс энэ жил ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
-Манайх жил бүр дөрөвдүгээр сарын 15-наас  бүх далан болон авто замын шугам, сүлжээгээ цэвэрлэж  эхэлдэг. Энэ жил уг цэвэрлэгээгээ гуравдугаар сарын 15-наас эхлүүлсэн. Зөвхөн авто замын шугам, сүлжээний ажил л гэхэд 80 хувьтай явж байна. Тус цэвэрлэгээний ажлыг яаралтай хийснээр зам дээр тогтох ус багассан. Цэвэрлэгээний ажлыг бүтэн жилийн турш тогтмол хийдэг. Энэ жилийн хувьд 63 байршил дээр далангийн болон авто замын цэвэрлэгээний ажлыг хийхээр төлөвлөөд, ажиллаж байна. Үерийн барилга, байгууламжийг цэвэрлэснээр  үерийн эрсдэлээс хамгаалах, иргэдэд эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл боломжийг олгож байгаа юм.

skip-share

Иргэд үерийн далан руу  хог, угаадас гээд хамаг л муухай зүйлсээ хаяна. Өвөлдөө тэдгээр нь барьцалдаад хөлдчихдөг.

Мөн энэ жилийн хувьд манайх дөрвөн том бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, зуслангийн бүс буюу Долоон буудал орчимд маш их ус тунадаг. Тэгвэл үүнийг янзлахаар манайхан бүх бэлтгэл ажлаа хангаад, энэ долоо хоногоос ажлаа эхлүүлэх гэж байна. Баянбүрдийн тойрогт мөн их ус тунадаг. Өөрөөр хэлбэл, Дэнжийн мянгаас бохир ус ирж, Баянбүрдийн тойрог дээр хуримтлагддаг. Үүн дээр мөн манай байгууллага маш том бүтээн байгуулалтын ажлууд хийж байгаа. Түүнчлэн Гэгээнтэн цогцолбор буюу Гандийн гудамжны ус зайлуулах хоолойг хийнэ. Тус дөрвөн байршлын ус зайлуулах хоолой, шугамыг хийснээр Улаанбаатар хотын төвийн дүүргүүдийн усанд автах  эрсдэл багасна гэж үзэж байгаа.

-Борооны ус, үерийн ус соруулах, бохирдлыг цэвэрлэх гээд та бүхэн хүнд нөхцөлдөг ажилладаг юм билээ?
-Манайх 141 хүний бүрэлдэхүүнтэй. Ажилчид маань маш хүнд нөхцөл байдалд ажиллаж байна. Иргэд үерийн далан руу  хог, угаадас гээд хамаг л муухай зүйлсээ хаяна. Өвөлдөө тэдгээр нь барьцалдаад хөлдчихдөг. Дулаан орохоор манай ажилчид тэдгээрийг нь цэвэрлэдэг. Хаврын цэвэрлэгээ гэж бий.  Авто зам тавихын тулд үерийн ус зайлуулах том том хоолойнууд тавьдаг. Гэтэл айлуудын угаадас, хогууд хавар гэхэд дүүрчихсэн байдаг.  Үүнийг цэвэрлэснээр үерийн далан, барилга, байгууламжууд нь чөлөөтэй усаа нэвтрүүлэх боломжтой болдог.

-Тоног төхөөрөмж, машин техникийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Геодези, усны барилга, байгууламжийн газарт ус соруулах гурван машин л байдаг.  Тэдгээрийн хоёр нь жижиг, нэг нь том машин. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд ус сорох машины хангалт маш муу байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь ирж, нөхцөл байдалтай танилцсан.  Машин, техникийг нэмэгдүүлэхэд анхаарна гэсэн. 

-Иргэд, олон нийтэд хандаж юу гэж хэлэх вэ?
-Голын ай сав газар болоод хөрсний устай газар битгий буугаарай.  Энэ бол амь нас, эд хөрөнгөө алдах эрсдэлийг бий болгохоос гадна эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоо хязгаарлаж байгаа явдал юм. Байгалийн хүчин зүйлд хүн бүр хүчин мөхөстдөг юм шүү. Тиймээс иргэд өөрсдөө хаана, хэрхэн яаж аж төрөх вэ гэдгээ маш сайн судалж, тооцож, суурьших хэрэгтэй.

Эх сурвалж: НЗДТГ-ын эвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү