Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд нарыг хүлээн авч уулзаж, хилийн чанадад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах талаар ярилцав.
Сайд Б.Батцэцэг коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын амаргүй нөхцөл байдлын үед хилийн чанадаас эх орондоо эргэн ирэх хүсэлтэй иргэдийг үе шаттай татан авах, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр тус яамны зүгээс авч хэрэгжүүлсэн, цаашид төлөвлөж буй ажлын талаар танилцуулж, Дэлхийн монголчууд-II зорилтот хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд ХЭҮК-той хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Уулзалтаар мөн гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэд, хилийн боомтын бүсэд тээвэр гүйцэтгэж байгаа жолооч нарын нөхцөл байдлын талаар санал солилцов. Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдэд чиглэсэн сургалт зохион байгуулах, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.