Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын нэмэлт, өөрчлөлтийн төслийн цахим хэлэлцүүлэг даваа гарагт боллоо.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд 39.2 хувийн биелэлттэй байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан уг асуудлыг Байгаль орчны салбарын нэн тулгамдсан асуудал хэмээн хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 43 дугаар тогтоолоор баталсан журмыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлэв.
Журмыг шинэчлэн баталснаар хуульд заасан хувь хэмжээний дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг оновчтой төлөвлөх, орлогын зарцуулалтыг ил тод болгох, түүнд хяналт тавих боломж бүрдэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэхэд санхүүгийн бодит дэмжлэг болох юм.
Уг асуудлын хүрээнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, 21 усны сав газрын захиргаад, 34 тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл бүхий 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа.
Хурлын чиглүүлэгчээр БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Эрдэнэбулган ажиллаж Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан юм.