Толгойт-Амгалан өртөө хоорондын төмөр замын гармуудыг шинэчилж байна

“Улаанбаатар төмөр зам” ХНН Толгойт-Улаанбаатар-Амгалан өртөө хоорондын төмөр замыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотод байдаг төмөр замын хэд хэдэн гармыг шинэчлэх юм. Одоогийн байдлаар хамгийн ачаалал өндөртэй Толгойт таван шарын ойролцоох 396-р гарам болон Дүнжингарав захын дэргэдэх 407-р гармыг шинэчлэх ажлыг хийгээд байна. Эдгээр гармуудаар өдөртөө 70 шахам мянган авто тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрдөг гэсэн тооцоо судалгаа байдаг.

Төмөр замын эдгээр гармуудыг шинэчилснээр төмөр замын гармын аюулгүй байдал сайжирч, галт тэрэгний даац, хурд нэмэгдэх юм. Тус гармуудыг шинэчлэх ажлыг УБТЗ-ын замчид шөнийн цагаар богино хугацаанд хийж өглөө авто замын хөдөлгөөн эхлэхээс өмнө дуусгажээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН энэ жил төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Толгойт-Улаанбаатар-Амгалан  өртөө хоорондын замыг шинэчлэхээс гадна Улаанбаатар-Замын Үүд өртөө хоорондын 80 километр замыг шинэчлэх юм.

 

 

Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг төмөр замынхаа нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч жил бүр замын их засварын ажлыг төлөвлөн хийж байна. Төмөр замаар жилдээ 30 гаруй сая тонн ачаа тээвэрлэдэг бөгөөд энэ нь манай улсын экспорт, импорт, орон нутгийн ачаа тээврийн ихэнх хэсгийг төмөр замаар тээвэрлэдэг гэсэн үг. Манай улсын эдийн засаг тэлж хөгжихийн хэрээр төмөр замаар тээвэрлэх тээврийн хэмжээ ирэх жилүүдэд улам нэмэгдэх нь тодорхой байна.

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү