Архидан согтуурсан үедээ бусдын биед ноцтой гэмтэл учруулсан хэргээр цагдан хоригдсон МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай тус холбооны удирдлагын баг саяхан очиж уулзжээ. Уулзалтын үеэр “Би ёс зүйн хариуцлага хүлээж, өргөдлөө өгье” гэдгээ хэлсэн талаар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар Live TV-д ярилаа.
Гэхдээ одоогоор өргөдлөө ирүүлээгүй байгаа аж.
Хэргийг сануулбал, Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн багын найз Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Уг үйлдлийнх төлөө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харъяа 407 дугаар хорих ангид нийт 45 хоног цагдан хориод, одоогоор гадуур үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.