Хөдөлмөр халамж, үйлчилгээний салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 25 ны өдөр зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцсон юм. Тэрбээр “Нийгмийн халамжийн салбарыг цахимжуулж иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүргэхэд бүх шатны ажилчид, албан хаагчид хариуцлагатай хандаж халамжаас хөдөлмөрт шилжих зорилтыг хамтдаа хэрэгжүүлье” гэв. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамж хүртэгч иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх, чиглүүлэх, ур чадвар суулгах, богино хугацааны сургалтад хамруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар мэдээ мэдээллээр иргэд олон нийтийг хангаж ажиллахыг онцлов.
Мөн ХНХЯ-ны Хөдөлмөр, эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн юм.
Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд 21 аймаг 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдлагууд оролцож, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл ажил үйлчилгээг эрчимжүүлэхтэй холбоотой тодорхой үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, салбарын хэмжээнд 11 байгууллага ISO стандарт нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Стандарт нэвтрүүлэхтэй холбоотой бэлэн байдлыг хангах, иргэдэд үйл ажиллагаагаа таниулах, мэдээлэхэд онцгой анхаарах, салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургалтад идэвхтэй хамруулах, хагас жилийн гүйцэтгэлийг тайлагнах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.