Л.Оюун-Эрдэнэ: Ульхан, Хавирга боомтыг хатуу хучилттай замаар холбох зорилт тавьж байгаа

 

Ерөнхий сайдын зүүн аймгуудад хийж байгаа албан томилолт үргэлжилж байна. Тэрбээр Чингис хот-Дадал чиглэлийн хатуу хучилттай авто замын явцтай танилцав.

Засгийн газар аялал жуулчлалыг бүсчилэн хөгжүүлэх бодлогын хүрээнд зүүн гурван аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж, Хэнтий аймагт Их эзэн Чингис хааны дурсгалт газар бүхий цогцолбор байгуулж байна. Нэн тэргүүнд хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбож, үүний дараа аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого дагасан авто замтай болох зорилт тавьж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв. 

2019 онд Дорнод аймгийн Ульхан боомтоор 683, Хавирга боомтоор 3,130 гадаадын жуулчин нэвтэрсэн байна. Хатуу хучилттай замтай болсноор дээрх боомтуудаар дамжин хоёр хөрш рүү аялах, дамжин өнгөрөх дотоод, гадаадын  жуулчдын урсгал нэмэгдэнэ. Мөн зорчигч тээврийн аюулгүй, ая тухтай үйлчилгээ нэвтэрч, бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг салбар хөгжинө гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэв. 

НҮБ-аас 1995 оноос хэрэгжүүлж буй “Их түмэн гол санаачилга” төсөл нь ОХУ-ын Приморск, Хабаровск, БНХАУ-ын ӨМӨЗО, Жилин, Хейлонжианг, Лиаоининг, БНСУ-ын Пусан, Улсан, Сокчо, Пухан, Монгол Улсын Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар нутгийг хамардаг.

ОХУ-ын дээрх бүс нутагт жилд 10 гаруй, БНХАУ-ын хил залгаа бүс нутагт 310 гаруй сая хүн аялдаг.  Эдгээрийн 0.06 хувийг Монгол Улсад татахад л зүүн бүсэд жилд 200 мянган гадаадын жуулчин аялж, аялал жуулчлалаас 150 тэрбум төгрөг олох боломжтой. Иймээс хилийн боомтуудын хүчин чадлыг нэмж, төвлөрсөн аялал жуулчлалын бүсүүдтэй авто замаар холбох шаардлагатай юм.

Ерөнхий сайд мөн Дадал суманд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор”-ын төлөвлөлт, “Дэлүүн болдог” нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

 
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү