Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад эхэлж, цахимаар хуралдлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос “Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх” Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулах албан бичиг ирүүлснийг мэдэгдлээ.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат Эрдэнэ нар тус тус танилцуулсан.
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг Статистикийн тухай хууль, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль болон НҮБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тооллогын товыг УИХ-ын 2017 оны 76 дугаар тогтоолоор “2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн Улаанбаатарын 00 цагаар” тогтоож, тоолох ажиллагааг хуульд заасны дагуу 7 хоногийн хугацаанд зохион байгуулсныг Үндэсний статистикийн хорооны дарга мэдээлэлдээ онцлоод УИХ-ын 2017 оны “Улсын комисс байгуулах тухай” 77 дугаар тогтоолын дагуу Улсын тооллогын Комиссыг Монгол Улсын Ерөнхий сайд ахалж, Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргийн дагуу тооллогын ажилд онцгой ач холбогдол өгч ажилласан гэж байлаа.
Мөн тэрбээр, Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3 296 866, өрхийн тоо 897 427 боллоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн ам өмнөх тооллогоос буюу 2010 оноос хойш жилд дунджаар 2.2 хувиар өсжээ. Тооллогоор гарсан гол үр дүнгээс танилцуулбал, Монгол Улсын хүн ам нь насны бүтцийн хувьд залуу хэвээр байна.Тухайлбал, нийт хүн амын 31.5 хувийг 0-14 насны хүүхэд, 64.4 хувийг 15-64 насны хүн ам, 4.1 хувийг 65 ба түүнээс дээш насны хүн ам эзэлж байна. Хүн амын ачаалал буюу хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, ахмад настан гэх мэт тэжээлгэгч хүн амын тоо 55.3 байна. Хүн амын голч нас 27.9 болсон нь сүүлийн 30 жилд голч нас 10 насаар нэмэгдсэн. Монгол Улсын нийт хүн амын 3.7 хувь буюу 122 мянган хүн гадаадад зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна. Иргэдийн гадаад улс руу явсан зорилгыг оршин суугаа улсаар авч үзвэл Энэтхэг, ОХУ, БНХАУ, Япон, Австрали, Герман, Ирланд улсад суралцахаар, Казахстан, Польш, Их Британи, АНУ-д суурьшихаар, БНСУ, БНЧУ, Унгар, Швед, Турк, Швейцар, Польш улсад хөдөлмөр эрхлэхээр түлхүү явсныг дурдлаа.