Монголчууд сүүтэй цай, хар буюу бор цай, хийцтэй цай, банштай цай, хярам гээд олон төрлийн цай уудаг. Тус бүрдээ ундаа болохоос гадна ядаргаа тайлах, тайвшруулах, биеийг хоргүйжүүлэх, дархлаа дэмжих тус эрдэмтэй.
Монгол үлгэр туульд цайг дүрслэхдээ:
“Бурхны урдаас буусан
Будаг улаан цайг
Бум сая хүртэл самраад
Бурмын амтаар буцалгаад
Үзмийн амтаар үслээд
Чихрийн амтаар ширгээгээд
Үнэн чинд нь хүртэл болгож….”
(Монгол урианхайн аман зохиол, 2011:311) хэмээсэн нь цай чанах, самрах, амтлах тусам сайхан амттай цай болдгийг уран сайхнаар дүрсэлжээ.
Мөн Монголчуудын цайны соёлыг зүйр цэцэн үгэнд:
“Цай самрах тутам амт ордог Цаг өнгөрөх тутам үнэ ордог”
“Өлөрхөж уусан цай Өлсөхөд тус болдог”
“Идээний дээж цай Эдийн дээд хадаг”
“Хоносон цай ходоодонд муу Ховдог санаа биед муу”
гэх мэт цайтай холбоотой зүйр үг олон бий. Ийнхүү цай хэмээх ундаа Монголчуудын өдөрт тутмын амьдралд шингэснээс гадна хэл аман зохиолоор дамжин үеэс үед уламжлагдан иржээ.
ЦАЙНЫ ТӨРЛҮҮД
Монголчууд хас тээрмийн, алтан үст, тунгалаг, хуурмал, үнэрт, хандалсан, хар модны зодгон, царсны, нохойн хошууны, нохойн хошууны хийцтэй, өрлийн, загсгалтай, боролзгоно, боролзгоны цэцэг, цагаан уулын, халгайн үртэй, улаалзганын навчин, өрлийн навчин, өрөл цээнийн үндсэн, тэхийн шээгтэй цай чанаж уудаг байсан талаар судлаачид тэмдэглэжээ. “Монгол идээн товчоо” номд: Шэгэрийн, сөдөн, цайрын, улааганын, анхува, мөнх, манугийн, боролзогонын, өрлийн, сэндэн, царсны, алимын, цагаан яргуйн, суварган, нохойн хошууны, бударганын, хөрвөгөн, гурил тасалсан, чихэр бүрсэн, цульхиртай, сүүтэй, зөөхийгөөр сүлсэн, өрөм самарсан, шар тос самарсан, гурилаар амталсан цай хэрэглэж байсан талаар бичжээ.
Өвөг дээдэс маань эрт дээр үеэс байгальд ургадаг зуу гаруй ургамлыг таньж цай орлуулан хэрэглэж ирсэн. Эдгээрийн дотор хөвөн оройт, мягмарсанж, нохойн хошуу, цээнэ, өрөл, гичгэнэ, бүйлс, пагдгар бадаан, сөөгөн боролзгоно, гоёо, алирс, сөд өвс, тэхийн шээг зэрэг олон зүйл ургамал байдгийг тогтоожээ.
Монгол нутагт айл бүрийн хөгшид, эзэгтэй нар аагтай шаргал цайгаа чанаж, цайны дээжээ тэнгэр, хангайдаа өргөдөг уламжлалтай. Сүүлийн үед цайг гэртээ чанаж уухаас гадна үйлдвэрийн аргаар ууталсан цайг өргөн хэрэглэж байна. Тэдгээр нь монгол орны цайны болоод эмийн ургамлаар хийсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.
ЦАЙНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЧ ТУС
Цай бадган, халууныг арилган, ундаасахыг зогсоож, идээг шингээн, хийг уруу арилгаж, оюун ухааныг сэргээж, нойрыг багасгадаг ажээ. Мах, тосны хэрэглээ өндөртэй манай орны нөхцөлд цайгаа ууж байх нь эрүүл мэндэд ихээхэн ач тустай. Цай нь махны уураг, өөх тосыг шингээхэд чухал нөлөөтэй. Орчин үед дотоод гадаадын эрдэмтдийн судалгаагаар цай нь дархлаа тэтгэх, биеийг хоргүйжүүлэх, цэвэрлэх, элэг бөөрний үйл ажиллагааг дэмжих, хамгаалах, бодисын солилцоог сайжруулах, алжаал тайлах тайвшруулах үйлдэлтэй болохыг тогтоогоод байна.
Агуулга: амин шим, сулийн гурил, цайны соёл, шар тос