Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг байгалийн амьтан, ургамлыг хамгаалах өдөр хэмээн дэлхийн олон улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг. 1973 оны 3 дугаар сарын энэ өдөр “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” Вашингтоны конвенцыг /CITES/ баталсан бөгөөд манай улс 1995 онд нэгдсэн юм.
Тус конвенц батлагдсантай холбогдуулан зэрлэг амьтдын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хамгаалах зайлшгүй шаардлагатай байгааг олон нийтэд таниулан сурталчлахын тулд 2013 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна. Зэрлэг амьтдын тоо толгой цөөрч, устах аюулд орж байгаагийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны бохирдол, хууль бус ан агнуур, уур амьсгалын өөрчлөлт юм.