Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн сэтгүүлч, эрх зүйч Л.Нинжжамцыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2024.02.08-ний өдөр шагнагдсан.
Л.Нинжжамц нь 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2011-2016 онд “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч, 2016-2021 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, Ерөнхий захирлаар ажиллаж, бие даасан чөлөөт хэвлэл болон олон нийтийн статустай, хараат бус үндэсний хэмжээний радио, телевизийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулж иржээ.
Түүнчлэн тэрбээр 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж хэвлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм.
Л.Нинжжамц нь чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн төдийгүй төрийн эрх барих дээд байгууллага УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох үйл явцад гар бие оролцож, УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төв, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албыг хариуцан үр дүнтэй ажиллаж ирсэн байна.