Өнөөдөр дэлхийн ховс эмчилгээний өдөр

2004 оноос Дэлхийн хипнотизмын зөвлөлөөс анх санаачлан тэмдэглэх болсон энэ өдрийн гол зорилго нь ховс эмчилгээтэй холбоотой нийтийн дунд байдаг буруу ойлголт, нийгмийн дунд байгаа айдсыг арилгах зорилготой.
 
Ховс бол маш хүчтэй ятгалгаар бий болох ухамсарын хувирсан хэлбэр гэнэ.
 
Хүнийг жигд хэмнэлээр тайван орчинг мэдрүүлж, амраасны дараа үгээр ятгаж, зүүдэлж байгаа мэт транс байдалд оруулна гэсэн үг юм. Нойрны нэг хэлбэр мөн боловч тархины долгион сэрүүн үетэй адил байна. Ховсын гол зорилго нь өвчтөнийг хяналтандаа авах, зан үйлийг нь чадах чинээгээрээ өөрчлөх ажээ.
 
Барууны орнуудад анх хөгжсөн хипнозис 1770-аад оноос эхтэй гэж хэлж болно. 1734 онд Германд мэндэлсэн эмч Франц Месмер Парис болон Вена хот дахь өвчтөнүүдээ эмчлэхдээ анх ховсын аргыг өвчин намдаах зорилгоор хэрэглэсэн хэмээн онцолдог. Месмерийн эмчилгээ нь төмөр саваа буюу “соронзон дохиураар” өвчтөний эмгэтэй хэсэгт хүрэн “ховсдох” эмчилгээг хийх бөгөөд месмеризм хэмээн түүний нэрээр нэрлэдэг байжээ.
 
Харамсалтай нь эмчилгээний энэ аргыг буруу ташаа ойлгосон хүмүүс шашны зан үйлтэй андуурч, аажимдаа энэ эмчилгээ мартагдав. 1843 оноос буюу 19-р зуууны дунд үеэс Английн мэс засалч Жеймс Брейд бүтээлдээ “Hypnos” гэдэг нэр томъёог анх хэргэлсэнээр шинжлэх ухааны хипноз судлалын түүх эхэлсэн гэж үздэг.
 
2004 оноос энэ төрлөөр мэргэшсэн эмч Том Николи болон Дэлхийн ховс эмчилгээний зөвлөлөөс ховс эмчилгээ хийдэг эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, хүмүүсийн ховс эмчилгээний талаарх мэдлэгийг сайжруулахаар өдөртөй болох ажлыг эхлүүлсэн. Хүн ховсдуулж байхдаа өөрийн ухаанаа алддаггүй тул ховсдогчийн хүссэн бүхнийг хийгээд байдаггүй, харин ховсдож буй эмч маш олон жил сурч, туршлагажсаны үндсэн дээр ховсын эмчилгээг хийнэ.
1950-аад оноос ховсыг анагаахын шинжлэх ухаан, тэр дундаа сэтгэл зүйч, сэтгэл засалчид эмчилгээний арга хэмээн хүлээн зөвшөөрч, сэтгэл гутралд орсон хүний эмчилгээнд зайлшгүй шаардлагатай тохиолдолд ашигладаг болжээ. Илбэчид ашигладаг тайзны ховс болон клиник ховс хоорондоо ялгаатай. Тайзны ховс нь илбэчин өөрийн яриаг бусдад хүргэж, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээрээ үзэгчдийн анхаарлыг татах арга болгон ашигладаг бол клиник ховсоор хүний ааш занг засах, таагүй дурсамжийг үгүй хийх, өвчтөнтөй ярилцах зэргээр тухайн хүнд хэрэгтэй сэтгэл заслын эмчилгээнд үгээр нөлөөлөн ятгах замаар тайзны ховсоос илүү том хүрээг хамрах сэтгэл заслын эмчилгээний арга юм. Сэтгэл гутралыг түр хугацаанд мэдэрсэн бол хэвийн үзэгдэл хэмээн үздэг бөгөөд урт удаан хугацаанд сэтгэл гутралд орсон бол тухайн сэтгэл засалчийн эмчилгээний арга нь ховс байж болох аж.
Ховсын эмчилгээ:
• Ховсонд оруулах үе
• Эмчилгээний ятгалгын үе
• Ховсын амралтын үе
• Ховсоос гарах үе гэсэн 4 үе шатыг туулдаг аж.
Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү