“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх тогтоолын төслийг нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэхээр болж, тогтоолын төслийг өргөн барихаар боллоо.
Засгийн газраас гаргасан 2010 оны долдугаар сарын 7-нд гаргасан 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 50 хүртэл хувийг иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлэх, эхний ээлжинд 20 хувийг иргэдэд, 10 хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр аж ахуй нэгжид хувьцаа эзэмшүүлэхээр заасан. Мөн 2012 онд Засгийн газраас хувьцаа эзэмшигчтэй холбоотой тогтоол гарсан. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргаж, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн.
УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 8-нд батлагдсан тогтоолд “2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшүүлэх үүрэг чиглэл өгсөн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч “иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх ёстой” гэсэн чиглэл өгсөн. Засгийн газраас УИХ-д өргөн барих тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монголын нийт иргэд бүрэн эзэмшиж байх. Нэг ёсондоо өнөөдөр 2.5 сая иргэн 18.4 хувийн хувьцаа эзэмшиж байгаа бол шинээр мэндэлсэн хүүхдүүд, Монгол Улсын харьяат болсон иргэндээ хувьцаа эзэмшүүлэх асуудлыг жигд хүртээх тогтоол өргөн барих боллоо.