Өнөөдөр дэлхий нийтээр хорт хавдартай тэмцэх өдөр.

НҮБ-ын санаачилгаар хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг болсон билээ.

Дэлхий дахинд жил бүр 12 сая хүнд хорт хавдраар оношлогдож, 7,6 сая хүн нас барж байна. Хорт хавдраас сэргийлэх, тэмцэх оновчтой, үр дүнтэй арга хэмжээ цаг алдалгүй авч хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд жилд 26.0 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 17.0 сая хүн хорт хавдраар нас барах магадлалтай байна.

2000 оны Парисын Тунхагт уриалсны дагуу Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо (UICC) 2005 оноос дэлхийн хэмжээнд хорт хавдрын эсрэг үйл ажиллагааг санаачлан жил бүрийн энэ өдрийг хорт хавдрын эсрэг Дэлхийн өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Хорт хавдрын эсрэг Дэлхийн өдрийг тохиолдуулсан үйл ажиллагааг зохицуулан явуулахад дэмжигч ба гишүүн байгууллагууд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын цөмийн энергийн агентлаг болон бусад олон улсын байгууллагатай хамтран идэвхтэй ажиллаж байгаа юм.

Манай улс тус холбооны санаачилсан Хорт хавдраас сэргийлэх, хянах тунхаглалын үзэл баримтлалыг дэмжиж, Хорт хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг 2007 оноос тэмдэглэж байна. Сүүлийн жилүүдэд Дэлхийд хорт хавдарын өндөр өвчлөлтэй орнуудын тоонд Монгол улс дээгүүр ороод байгаа нь айдастай мөн анхаарууштай асуудал болоод байгаа юм.

Хорт хавдар 1995 оноос хойш Монгол Улсын хүн амын дунд нас баралтын 2 дахь шалтгаан болж байна. Манай улсад 2018 оны байдлаар 100 000 хүн тутамд хорт хавдрын өвчлөлийн 248.8 тохиолдол, нас баралтын 187.8 тохиолдол ноогдож байна.

118150802_1464859707025471_5119846532942279840_n

Сүүлийн тав зургаан жилд бүртгэгдсэн нийт хорт хавдрын орчим хувь нь элэгний хорт хавдар юм. Хорт хавдар үүсэхэд халдварын, хүрээлэн буй орчны, халдварын бус гаралтай буюу эрүүл аж төрөх зан үйлтэй холбоотой 3 бүлэг хүчин зүйлс нөлөөлдөг байна.

1. Халдварын хүчин зүйлс

Элэгний В, С вирусийн халдвар, ходоодны хеликобактерын халдвар, хүний хөхөнцөр вирусын халдвар хамаарагддаг.

2. Халдварын бус гаралтай хүчин зүйлс

Халдварын бус гаралтай буюу эрүүл аж төрөх хэрэглээтэй холбоотой хүчин зүйлст зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхи, цусан дахь сахар болон холестрины ихсэлт, илүүдэл жин зэрэг эрсдэлт зан үйл багтана. 

Манай орны хүн амын дунд хорт хавдарт хүргэж болох эрсдэлт хүчин зүйлсийн тархалт түүний дотор архи, тамхины хэрэглээ өндөр хэвээр байгаа нь сэтгэл түгшээж байна. Тухайлбал 2009 оны судалгаагаар манай орны хүн амын 39,8% нь илүүдэл жинтэй, 12,5% нь хэт тарган, харин нийт хүн амын 27,6% нь тамхи татдаг үүнээс эрэгтэйчүүдийн 48% нь, эмэгтэйчүүдийн 6,9% нь тамхи хэрэглэдэг. Мөн эрэгтэйчүүдийн 39,7%, эмэгтэйчүүдийн 15,1% нь сард 5-аас дээш удаа архи уудаг буюу архи хэтрүүлэн хэрэглэдэг байна.

Иймээс хувь хүн хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс болох архи, тамхинаас татгалзах, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жингээ хэвийн байлгах, зохистой зөв хооллох зэрэг эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлж чадсанаар хавдар өвчнөөс сэргийлэх боломжтой.

3. Хүрээлэн буй орчны хүчин зүйлс

ДЭМБ, хавдрын судлалын Олон улсын агентлаг (WHO, International Agency for Research on Cancer) хавдар үүсгэх нөлөөт 107 төрлийн хорт бодисыг нэрлэсэн байна. Үүнд асбестийн бүх төрөл, усан дах арсеник, кадми, этилины оксид, олон цагирагт гидрокарбон, бензопирен,нитрозамин, афлатоксин, шөрмөсөн чулуу, цацраг туяа , радиоидэвхт бодис гэх мэт.

Дэлхий нийтэд тохиолдож буй бүх хорт хавдрын 19 хувь нь хүрээлэн буй орчин болон ажлын байртай холбоотойгоор үүсэж байна гэдгийг ДЭМБ-ийн судлаачид тогтоосон бөгөөд үүний дийлэнхийг бага дунд орлоготой оронд тохиолдож байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төрөлжсөн агентлаг болох Хавдар судлалын Олон улсын агентлагаас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гадаад орчны агаарын бохирдлыг хүнд хавдар үүсгэдэг бодисын ангилалд багтаасныг зарласан байна.

Шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаануудыг нарийвчлан үнэлж судалсны эцэст дэлхийн шилдэг шинжээч судлаачид гадаад орчны агаарын бохирдол нь уушигны хавдар үүсэхэд хүргэдгийг нотолгоонд тулгуурлан баталжээ. Түүнээс гадна, агаарын бохирдол болон давсагны хавдрын хооронд эерэг хамаарал байгааг ч тогтоосон байна.

Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүн юу анхаарах ёстой вэ?

Тамхи татахгүй байх

Тамхи татахгүй байж эргэн тойрны хүмүүсийг тамхиар хордуулахгүй байснаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хорт хавдраар өвдөхөөс урьдчилан сэргийлж чадна. Уушигны хорт хавдрын 90% тамхинаас үүдэлтэй байдаг.

Эрүүл хоол хүнс хэрэглэх

Хоол хүнсэндээ хүнсний ногоо, жимсийг зонхилуулж , аль болохоор бүхэл үрийн үр тарианы зүйлс хэрэглэхийг эрхэмлэх, махны хэрэглээг тохируулж, амьтаны гаралтай өөх тосний хэрэглээг багасгах зэрэг нь хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэхэд тус болно.

Өөх тос ихтэй хоол хүнс нь илчлэг ихтэй бөгөөд илүүдэл жинтэй болох эсвэл таргалахад нөлөөлж хөх, бүдүүн шулуун гэдэс, улаан хоолой, бөөрний хорт хавдраар өвчлөх эрсдэлийн нэмэгдүүлдэг. Архи байнга хэрэглэдэг хүнд ам, залгиур, улаан хоолой, бөөр, элэг болон хөхний хорт хавдарт өртөх эрсдэл их байдаг.

Таргалалтаас сэргийлэхийн тулд амьдралынхаа туршид бага багаар жин нэмэхээс зайлсхийх шаардлгагатай. Насанд хүрсэн хүн долоо хоногийн ихэнх өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, хүүхэд өсвөр насныхан өдөрт 60 минутаас багагүй хугацаагаар, долоо хоногийн 5-аас багагүй өдөр биеийн тамираар идэвхтэй хичээллэж идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг хичээх хэрэгтэй.

Хавдраас сэргийлэх

Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг халдвараас сэргийлснээр эрсдлийг бууруулж чадна. Элэгний үрэвсэл үүсгэгч В вирус нь бэлгийн замаар халдварладаг бөгөөд элэгний хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Нярай хүүхдийг төрмөгц 24-48 цагийн дотор В гепатитийн эсрэг вакцинд заавал хамруулаарай. Ингэснээр энэ хүүхэд ирээдүйд элэгний хорт хавдраар өвчлөхгүй байх дархлаагаар хамгаалагдана.

Хүний папиллома вирус нь бэлгийн замаар халдварлаж умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Иймд энэхүү вирусийн халдвараас хамгаалах вакциныг 10-12 насны охидод хийлгэснээр ирээдүйд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхөөс хамгаалагдана.

Бохир аяга, таваг, халбага хэрэглэх, мөн дамжуулан хэрэглэх, хувийн ариун цэвэр сахихгүй байснаар ходоодны хеликобактерын халдварт өртөж улмаар ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ.

Хүрээлэн буй орчны нөлөө мөн ажлын хортой орчноос урьдчилан сэргийлэх нь хорт хавдраар өвдөхөөс сэргийлэх нэг чухал алхам юм. Хортой нөхцөлд ажилладаг бол хөдөлмөр хамгаалалын хувцас хэрэгслийг бүрэн хэрэглэх,ажил амралтаа зөв зохицуулах хэрэгтэй. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдснаар өвчний эрт үед оношлох, эмчлэгдэх, эдгэрэх бүрэн боломжтой хэмээн Хавдар судлалын үндэсний төвөөс зөвөлсөн байдаг.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү