Хүүхдийн боловсрол улс орны ирээдүй

Улс орны ирээдүйн хөгжил нь  боловсролын хөгжитэй шууд холбоотой. Тухайн орны иргэд хэр мэдлэг боловсролтой байна төдий чинээгээр улс орон маань хөгжин цэцэглэдэг. Хүн болох багаасаа гэдэг. Тэгвэл улс оронд хэрэгтэй, мэдлэг боловсролтой хүн бэлтгэхийн тулд багаас нь зөв хүн болгон төлөвшүүлэх , үүнд эцэг эх болон сурган хүмүүжүүлэгчийн оролцоо чухал юм.

Зүтгэл.мн сайтын Боловсрол танин мэдэхүйн буланд бага насны хүүхдийн боловсрол, хөгжлийн талаар боловсролын салбарт 50 гаруй жил ажиллаж байгаа МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, доктор профессор Б.Балдулмаа багшийг урьж оролцуулсан юм.

132825341_1067541243670006_635572351439250387_n

Юуны түрүүнд Б.Балдулмаа багштайгаа дэлгэрэнгүй танилцья.  

Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.  Би 1970 онд Улаанбаатар хотод  Багшийн Дээд Сургуулийн физик математикийн ангийг төгсөөд Нийслэлийн 6-р арван жилийн сургуульд багшилж байгаад , удахгүй 100  жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа алдартай Багшийн сургуульд багшлах болж, одоог хүртэл математикийн багшаар ажиллаж байна. Миний аав МУ-ын Гавьяат багш Л.Балжир боловсролын байгууллагад 50 жил ажилласан Математикийн багш хүн байсан.Багшийн сургуульд багшилж байх үед нь 1974 онд би тус сургуульд багшаар ажиллах болж очсон түүхтэй.

Одоо та ямар хичээл зааж байна?

 Одоо би МУБИС-ийн Багшийн сургуульд Математикийн багшаар ажиллаж байна. Математик онол болон заах арга зүйн багш.Энэ хичээлийн жилд Математик арга зүйн удиртгал хичээл ороод хагас жилээс хойш Алгебрийн материал хичээл орно доо.

Бага ангийн хүүхдийн мэдлэг боловсролд багш хүний оролцоо хамгийн чухал. Тэгвэл бага ангийн багш нарыг бэлтгэхдээ юуг анхаарах хэрэгтэй гэж үздэг вэ?

Багш бэлтгэх сургуульд анх элсүүлэхдээ юуны өмнө дөрвөн зүйлийг анхаармаар санагддаг . Үүнд:

    1. Элсэлтийн шалгалтын босго оноо өндөр
    2. Багш болох хүсэл эрмэлзлэлтэй
    3. Ёс суртахуунтай
    4. Бага насны хүүхдэд хайртай байх нь сурган хүмүүжүүлэгч, багш нарын хувьд  хамгийн чухал зүйл гэж боддог.  

Багш хүний чадамжийн талаар таны бодол?

     Миний бодлоор  багш хүн ямар байх ёстой вэ гэвэл. Юуны түрүүнд мэдээлэл харицааны технологи эзэмшсэн байх, үүнийхээ тусламжтай мэдээлэл харилцаа технологийг сургалтандаа хэрэглэдэг байх. Бас гадаад хэлнийхээ мэдлэгийг анхаарч сургалтандаа холбогдох ном зохиол болон интернэтээс хэрэгтэй мэдээллээ авч хэргэлэдэг байх ёстой гэж боддог. Зарим багш нар гаднын орны юмыг шууд хэрэглэх тохиолдол мэр сэр ажиглагддаг. Энэ нь тийм ч зохистой зүйл биш. Өөрийн орны онцлог болон Монгол хүүхдийн онцлогт тохирох эсэхийг анхаарч үзэх нь чухал гэж боддог шүү.Өөрөөр хэлбэл монгол хөрсөндөө буулгах гэсэн үг л дээ.

Мөн цаг хугацааны болон хэрэглээний өөрчлөлтөд мэдрэмжтэй байж дасан зохицдог байх нь нийгмийн асар хурдацтай хөгжлийн үед анхаарах асуудал юм. Багш хүний хамгийн гол баримтлах зарчим бол харилцааны өндөр соёлтой байх. Яагаад гэвэл хүүхдүүд тэр тусмаа бага насны хүүхдүүд багшийгаа их хүндэлж дууриадаг. Өөрөөр хэлбэл багш хүн нэг ёсны жүжигчин хүн л гэсэн үг. Дөрвөн цагийн хичээл заана гэдэг нь дөрвөн үзэгдэл жүжиг тоглохтой адилтгаж болно шүү дээ. Би багш хүнийг судлаач хүн гэж үздэг. Багш хичээлээ амжилттай заахын тулд хүүхдээ судлах хэрэгтэй.

Эмчтэй зүйрлэвэл эмч хүн өвчтөнөө эмчилж эдгээхийн тулд ярилцаж байгаа байдлыг сайн мэдэж шаардлагатай бол шинжилгээ хийж байж эмчилж эрүүл болгодог. Тэгвэл багш маань тэр хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, суурь хур мэдлэг юу байгаа зэргийг мэдэж байж сургалтаа явуулдаг байх хэрэгтэй.

 Багш хүнд судлах зүйл их бий. Хүүхдийн эцэг эх ар гэрийн амьдралыг судлана даа. Бас заах хичээлийн агуулга, ямар арга зүйгээр тухайн хичээлээ заах тухайгаа судлана шүү дээ.

Нийгэм хөгжихийн зэрэгцээ бүх зүйл шинэчлэгдэж байдаг. Тиймээс аливаа асуудалд судлаачийн байр суурьнаас хандах шаардлага гарч ирнэ. Багш хүн сурах, сургах үйл явцдаа байнга шинжлэн судалж түүнийхээ үндсэн дээр сурч хөгжин сургалтыг боловсронгуй болгож   , шинэ санаа ,арга зүйг боловсруулан туршдаг ,хэрэглэдэг, бусдад түгээдэг байх ёстой.

     Нийгэм, улс төр, соёл, ажил амьдралын шинэчлэл өөрчлөлтийг урьдчилан мэдэрдэг , тэдгээрийн өрнөх үйл явцыг шинжлэн судалдаг , түүнийхээ үр дүнгийн үндсэн дээр асуудалд ханддаг , асуудлыг шийддэг, цаашдын хувьслыг тодорхойлдог, дасан зохицох шинэ, шинэ арга замыг илрүүлэн хэрэглэдэг байх нь чухал юм.

 Зарим хүмүүс хэлэхдээ сурах бичиг хөтөлбөр байнга өөрчлөгдөж байх юм гэж гомдоллодог. Энэ нь нэг талаасаа авч үзэхэд тогтвортой байх нь чухал боловч нийгэм улс орон хөгжихийн зэрэгцээ шинэ арга барил амжилт ололтууд болон дэлхийн жишигт нийцэх гээд олон асуудлууд ар араасаа гарч ирдэг . Тиймээс өөрчлөгдөхөөс өөр арга байхгүй.Хамгийн ойлгомжтой жишээг авч үзье. Хичээлийн сурах бичгүүд өөрчлөгддөг нэгэн шалтгааныг хэлье.

Математикийн сурах бичиг гэхэд л өгүүдбэртэй бодлогын өгүүлбэрт Үйлдвэрийн бүтээмж,машины хурд, хүний хийх ажлын хурдац ,бараа бүтээгдэхүүний үнэ гээд маш олон зүйл, улс орны хөгжлөөс шалтгаалаад өөрчлөгддөг шүү дээ.  Бид зөвхөн тоо бодуулахаас гадна математикийн хичээлээр дамжуулан  улс орны нийгмийн хөгжлийг бодитоор мэдээлж байх үүрэгтэй. Би оюутнууддаа 1940-1970,1980-аад оны математикийн сурах бичгийн бодлоуудыг ч сонирхуулдаг.

Жишээ нь: бидний сайн мэдэх яриад заншсан 9-ийн тос маань  наранцэцэгийн тос юм. Анх 9 төгрөгний үнэтэй байсан учир энэ нэрээр хэлээд сурсан байдаг. Одоо болтол хүмүүс 9-ын тос ямар үнэтэй вэ? гээд худалдагчаас асуухад нь худалдагч хээв нэг 4000₮ гээд хариулж байхыг олон сонссон шүү дээ.(Инээв)

Мөн 11төг20мөнгөнийн чихэр, 24-ын чихэр,3.40-ын талх, 10.60-ын хиам гэх мэт хуучины үнэ өртөгийг одоогийнхтой харьцуулж хэлээд жишээ татан оюутнуудаа инээлгэж байдаг.

Иймээс цаг үеийн бодитой мэдээлэл өгөхийн тулд сурах бичиг өөрчлөгддөгийн нэгэн жишээ энэ юм шүү дээ. Одоо үеийн үнэ, тэр үеийн үнийн харьцуулалт хийн бодлого бодуулдаг. Улс орны дэвшил, хөгжилөөс судалж, оюутнуудад мэдээлэл өгч сургалтандаа хэрэглэхээс гадна өмнөх үеийн түүхэн судалгаа хийж сургалтандаа хэрэглэх нь бас бодох нэгэн асуудал гэж боддог.

Орчин үеийн багш хүн хүүхдүүдтэйгээ хамт байнга өөрөө хөгжиж суралцаж байдаг. Дээрхэн үеийн багш бол ихийг мэддэг самбарын өмнө өндөрлөг дээр Одоо бол арай өөр. Бусадтай хамтран ажилладаг. Бусдаас байнга суралцдаг. Бусдыг хөгжихөд тусалдаг Ажил амьдралаасаа байнга тасралтгүй сурч хөгждөг. Асуудлыг олон талаас нь авч үздэг, бүтээлчээр ханддаг,шийдвэрлэдэг. Шинэ шинэ асуудлыг дэвшүүлдэг, сурах арга төгс эзэмшсэн байна. Товчхондоо сурагчдыг сурах арга барилд сургадаг.     “Загас өгөх биш загас барих арга зааж өгөх”  гэдэг үг байдаг даа...

Математикийн хичээлээр жишээ авья. Бодлогын хариуг багш сурагчаас шаардах биш.Яаж бодсоныг асуух нь чухал. Буруу хариулт гаргасан ч яаж бодоод энэ үр дүнд хүрснийг яриулах нь чухал гэж  боддог.

Багш хүний бас нэг анхаарах зүйл бол хувийн амьдралдаа арчаатай байх асуудал юм. Энэ бол багш хүний имедж. Эрүүл биетэй , саруул ухаантай ,сайхан сэтгэлтэй, оюунлаг мөн амжиргааны чадвартай байх ёстой. Хүүхдүүд чинь дууриана шүү дээ. Би оюутнууддаа, цэцэрлэг болон бага ангийн багш нартаа Багшийн имеджийн талаар нилээд хэдэн цагийн хичээл заасан байдаг.

Багш хүн мэдлэгтэй чадвартай байхын зэрэгцээ биеээ яаж авч явах,алхах гишгэх, ярих дууны өнгө гээд л нилээдгүй анхаарах зүйлүүд байдаг. Имеджээ зөв бүрдүүлсэн аливаа хүн ажилдаа амжилт гаргадаг.

Багш хүн нийгмийн өмнө улс орныхоо өмнө хүлээх үүрэг хариуцлагатай байдаг. Улс орны хөгжлийг түргэсгэхэд чиглэсэн нийгмийн хэрэгцээнд тохирсон, чанартай үйлчилгээ үзүүлэх,хүүхдүүдийнхээ тухайн гэр бүлийн уламжлал , соёл болон ёс зүйн агууламж бүхий бие бялдар , оюун ухаан , иргэншлийн болон амьдрах ухааны суурь ур чадварыг хүүхэддээ бий болгох зэрэг чанартай үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл хүүхэд залуучуудын хэрэгцээнд тохирсон чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой гэж боддог. Энд би хэрэгцээ гэдэг үгийг дурьдаад өнгөрсөнийг анзаарсан биз дээ.

Бид багш хүний чадамжийн талаар дэлгэрэнгүй ярьлаа.Тэгвэл сургалтын системрүүгээ орьё. Уламжлалт сургалтын үед багш болон сурагчид ямар чиг хандлагтай байсан гэж боддог вэ?  Одоогийнхтой харьцуулбал?

Уламжлалт сургалтаар  багш хүн сурагчдаа байнга чиглүүлж явдаг, мэдлэгтэй багш гэгддэг. Багш ихийг зааж сургадаг. Мэдээлэл дамжуулдаг технологи давамгайлсан, Мэдээллээ мэдлэг дамжуулж байна гэж ойлгодог. Нэг талын онолд тулгуурласан/Академик/.

Орчин үеийн сургалтаар бол багш сурагч дасан зохицон тасралтгүй хөгжигч чадамжтай багш бөгөөд багш сурагчид хамтарч сурах арга барилтай, мэдлэг бүтээх технологи давамгайлдаг бөгөөд олон талт боловсрол олгодог. Прагматик боловсрол олгодог (Академик төвшинг алдагдуулахгүйгээр элементарчилж) сонирхлоороо олон сонголттой болсон гэж боддог.

Тэгвэл орчин үеийн хүүхдийн онцлогын талаар та бага насны хүүхдийг хөгжүүлэхдээ юуг анхаарах хэрэгтэй гэж үздэг вэ?

Хамгийн гол нь орчин үеийн хүүхдийн хэрэгцээн дээр нь тулгуурлаж сургалт явуулах нь чухал. Бага насны хүүхдийн хэрэгцээ нь тоглох хэрэгцээ байдаг.  Тиймээс тоглоомоор нь дамжуулан сургалт явуулах нь илүү үр дүнтэй байдаг.

Энэ талаар хийсэн судалгаа бий. 1998 онд би “Цэцэрлэг болон ЕБС-ийн математик сургалтанд Монгол ардын тоглоом ба бодлогыг хэрэглэх боломжийг судалсан нь” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан байгаа.

Монгол ардын тоглоомын онцлог нь өсөхөөс аваад өтөл болтлоо тоглож болдгоороо онцлог.     Харин хэдэн настай хүүхдэд ямар тоглоомыг ямар сэдвийг ойлгуулахад ашиглаж болох вэ? гэдгийг л анхаарах нь чухал.Эзлэх байрыг нь тогтоож өгөх асуудал чухал.Нэгдүгээр ангийн 6 настай хүүхэд гэхэд л анхаарлын төвлөрөлт 7 орчим минут байдаг шүү дээ. Тиймээс дуртай юманд нь чиглүүлж өгвөл дээд тал нь 1 цаг 30 минут хүртэл төвлөрсөн тохиолдол бий гэсэн судалгаа байдаг.

Монгол хүүхдийн онцлогоос хэлбэл:

      1. Багшдаа үнэнч итгэлтэй байдал........бага >дунд>ахлах
      2. Тогтоох, цээжлэх чадвар суух........... бага >дунд>ахлах
      3. Сэтгэн бодох ухаарах чадвар.............бага<дунд<ахлах
      4. Сонгон суралцах хэрэгцээ сонирхол... бага<дунд<ахлах

Иймээс бага насны хүүхдийн итгэл үнэмшил дээр тулгуурлан амжилттай сургах асар их боломж байна. Энэ алтан боломжийг манай эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид алдаж болохгүй гэж зөвлөх байна.

Манай Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Алхам-Алхмаар” хөтөлбөрийн хувьд багш болон хүүхдийн хөгжлийн талаар”Хүүхэд төвт”  сургалтууд явуулж сургагч багш бэлтгэх ажлуудыг хийж ирсэнд миний хувьд их сэтгэл хангалуун байдаг. Энд ихэвчлэн бага ангийн багш нар хамрагдаж хөгжиж бас хүүхдээ хөгжүүлж ирсэн.Их дээд сургуулиас бас багш нар оролцдог. “Алхам-Алхмаар” хөтөлбөрийг амжилттай удирдан чиглүүлж  ирсэн А.Нармандах багшаараа бахархаж, баярлаж явдагаа энд хэлэх нь зүйтэй. Х.Батхүү багшийн “Ниссэн хүүхэлдэй” ном нь олон улсын хэмжээнд шалгарч байснаар нь бахархдаг. Азийн топ багшаар Т.Мөнхцацрал маань шалгарч байлаа. Энэ мэтчилэн  олон сайхан багш нараараа бахархаж байдаг. Багшийн сургуулиас гэхэд л Б.Булган багш бид хоёр энэ хөтөлбөрт хамрагдаж ирсэн. Энэ их сайхан хөтөлбөр. Багш ,хүүхэдтэйгээ хамт хөгждөг

Багш эцэг эхийн оролцоо, сургалтын орчинг чухал гэж үздэгт юм.

132588358_4309620325719490_7236752101082357440_n

 Монголчууд бид эрт дээр үеэс эхлэн уламжлалт тоглоом наадгайгаар хүүхдийн оюун ухаан сэтгэн бодох чадварыг хөгжүүлж ирсэн. Тэгвэл орчин үеийн сурах арга барилтай үүнийг сургалтын системдээ холбож зааж тал дээр та юу гэж боддог вэ?

Энэ талаар сургалтын системдээ оруулж заах бүрэн боломжтой. Манай боловсролын стандарт цөм хөтөлбөрт бүрэн тусгагдсан байгаа.Зөвхөн багш бүр заах аргадаа өөрчлөлт шинэчлэл хийж сургалтандаа бүтээлчээр хэрэглэх боломжтой.

Дэлхийн улс орнууд ч уламжлалт тоглоомыг сургалтандаа хэрэглэж, онцгой анхаарч ирсэн нь 2015 онд Туркэд болсон олон улсын хурлаас харагдсан. Дэлхийн 38 орны эрдэмтэн судлаачдын хуралд оролцож илтгэл тавьж ирсэн нь миний хувьд томоохон аз завшаан болохын дээр Монголоо сурталчлах их том боломж болсон гэж боддог.Энэ хуралд Оюун ухааны музейн захирал     МУ-ын Гавьяат Түмэн-өлзий гуай бид хоёр оролцсон.

Тэнд үзэсгэлэн гаргасан өдрүүдэд манай тоглоомуудыг сонирхсон маш олон хүмүүс байсан шүү.

133199091_688837175129528_7291410036126551731_n

Багш хүний нийгэмд оруулах хувь нэмрийг нэг өгүүлбэрээр хэлбэл.

Суралцагчдад чанартай боловсрол эзэмшүүлснээр улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэн гарч,ингэснээр нийгэм хөгжих үндэс тавигдана.

Ярилцлагын төгсгөлд багш сурган хүмүүжүүлэгч нартаа хандан юу гэж хэлэх вэ?

Орчин үед бидний өмнө нэн тэргүүнд тавигдах асуудал бол ёс суртахуунтай, хүмүүжилтэй иргэдийг төлөвшүүлэх асуудал болоод байна.

Үүнд ганц багш сурган хүмүүжүүлэгч биш эцэг эх болон бүх нийтийн үүрэг хариуцлагын асуудал  болж байна.

Эцэст нь хэлэхэд удахгүй 100 жилиинхээ ойг хийх гэж байгаа Багшийн сургуулийн хамт олон эрдэмтэн багш сурган хүмүүжүүлэгчид оюутан сурагчид, ажилчиддаа шинэ ондоо амжилт бүтээлээр арвин байхыг ерөөе! Энэ сургуулийг төгссөн алдартнууд болон ахмад багш нартаа эрүүл энх байж амжилт бүтээлээр арвин байхыг ерөөе! Удахгүй болох сургуулийнхаа 100 жилийн ойг амжилт бүтээл арвинтайгаар  угтацгаая

Ярилцлага авсан танай хамт олонд ажлын амжилт хүсье!

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү