1. ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАВ
Улаанбаатар хотын хэмжээнд 2-5 настай 126.312 хүүхдийг буюу хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулав. Ингэхдээ төрийн өмчийн цэцэрлэгүүдийн дэргэд салбар байгуулж, ачаалалтай бүсийн хувийн цэцэрлэгт хувьсах болон хоолны зардлыг нэмэгдүүлэн олгов. Мөн байгууллагын, түрээсийн, цомцог зэргээр цэцэрлэгийн олон хэлбэрийг бий болголоо. Барилгын ажил нь удаашралтай байсан бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж, цэцэрлэгийн зориулалтаар барилга худалдан авсан юм. Шаардлагатай зөөлөн болон хатуу эдлэлийн хангалтыг НЗДТГ-тай хамтран хийсэн бол багш бэлтгэдэг сургуулиудтай хамтран багш нарын түргэвчилсэн сургалтыг зохион байгуулж, ажлын байраар хангав.
2. “MEDLE” МОНГОЛЫН АНХНЫ ЦАХИМ СУРГУУЛЬ
Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сайн багшийн хичээлд хамрагдаж, чанартай боловсрол эзэмших боломжийг нээлээ. Цахим сургуульд 21 аймаг, 9 дүүрэг, 499 сургуулийн 10 дугаар ангийн 10407 сурагч суралцаж байна. Medle” цахим сургууль 620 бүлэгтэй бөгөөд 16 судлагдахууныг 148 багш зааж байна. Цаашид 10-12 дугаар ангийн сурагчдыг бүрэн хамруулахын зэрэгцээ хилийн чанадад амьдардаг Монгол хүүхдүүдэд “Монгол хэл, соёлын хөтөлбөр”-ийг цахим сургалтаар эзэмшүүлж, ерөнхий боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг дүйцүүлэн олгоно.
3. НҮҮДЭЛЧДИЙН НҮҮДЭЛ БУЮУ ХУВЬСАЖ БУЙ БОЛОВСРОЛ
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы хүрээнд АНУ-ын Нью-Йорк хотноо “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний чуулга уулзалт боллоо. Чуулга уулзалтаар UNESCO, UNICEF хамтарч “Gateways to Public Digital Learning” санаачилгыг зарлаж, тэргүүлэгч улсаар Монголыг нэрлэв. Ингэхдээ
Цар тахлын үед теле хичээлийг эхлүүлж чадсан
Танхимын хичээлийг эхлүүлэхдээ 5/9 стратегийг хэрэгжүүлсэн
Medle.mn цахим платформыг ажиллуулж эхэлсэн.
Хичээлийн хоцрогдол нөхөх зорилгоор сураад.мн платформыг нэвтрүүлсэн
Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулсан
Цар тахлын үед Монгол Улс үдийн цайг үдийн хоол болгож чадсан
Эмэгтэй сурагчдын сурах орчныг сайжруулж ариун цэврийн байгууламжаа өөрчилсөн зэрэг амжилтыг үнэлсэн юм.
Хувьсаж буй боловсрол
4.СУРАГЧ, БАГШ, СУРГУУЛЬ БҮРИЙГ ҮНЭЛЭВ
СӨБ-ын үнэлгээнд 80 мянган суралцагч, 6 мянган багш хамрагдав. Ингэхдээ хүүхэд хамгаалал, багшийн хөгжил, цэцэрлэг ба олон нийтийн үйл ажиллагааны оролцоог харгалзан үнэлсэн юм. Ерөнхий боловсролын үнэлгээнд 30 мянган багш, 476 мянган суралцагч хамрагдлаа. Нийт багш нарын 43 хувь нь 10-25 хувийн урамшуулал хүртэх эрхтэй болов. Сургалтын байгууллагын үнэлгээнд 941 цэцэрлэг 655 сургууль хамрагдаад байна. Ирэх хичээлийн жилд багш өөрийнхөө өмнөх амжилттай өрсөлдөх бөгөөд ахиц амжилтаас нь хамааран урамшуулал олгох тогтолцоог бэхжүүлнэ.
5. ҮР ДҮНД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ
Боловсролын салбар төсвийн шинэчлэлийн хүрээнд сургуулийн санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог бүрдүүлж чадсан. Үүний нэг болох багш нарын цалинг ТҮ5 ангиллаар олгож эхлэв. Харин хувьсах зардлын шинэчлэлээр анги танхимын ариутгал, цэвэрлэгээ, сургалтын үйл ажиллагааны хэрэглэгдэхүүн, багшийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, интернэт дата хэрэглээний зардлыг шийдвэрлэн хэрэгжүүлж байна.
6. PISA-2022 ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДАВ
PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрэглэж байгаа эсэх, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг судалдаг олон улсын үнэлгээ юм. 2022 онд дэлхийн 88 улс орон PISA үнэлгээнд хамрагдав. Монгол Улсын хувьд 196 сургуулийн 7300 орчим суралцагч түүврийн аргаар сонгогдсон юм. Сонгогдсон сурагчид математик, байгалийн ухаан, унших чадвар, бүтээлч сэтгэглгээний даалгавар гүйцэтгэсэн юм. Манай улсын боловсролын түвшинг дэлхийн бусад оронтой харьцуулсан тайлан 2023 оны 12 сард гарна.
7. ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ЖИЛД 2 УДАА
2022 онд Боловсролын үнэлгээний төв Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2 удаа, монгол хэл бичгийн шалгалтыг 4 удаа зохион байгуулав. 6 болон 12 дугаар сард зохион байгуулсан ЭЕШ-д 38062 шалгуулагч хамрагджээ. ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулснаар шалгуулагчид дүн оноогоо ахиулах, өмнө нь хамрагдаж чадаагүй сурагчдад боломж олгох зорилготой юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлж, Eyesh.eec.mn, E-Mongolia портал сайтад байршуулсан, ухаалаг тайлангийн BI системийг нэвтрүүлж, блокчейнд байршуулсан зэрэг давуу талуудыг бий болгов. Мөн “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлдэг болсон юм.
8. БОЛОВСРОЛЫН САЛБАР ГАЗРАА ТООЛОВ
Төрийн болон орон нутгийн өмчийн бүх боловсрол, шинжлэх ухааны байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийв. Салбарын хэмжээнд бүртгэлтэй байсан газраас 2015 оноос хойших хугацаанд нийт 45.4 га газар хасагдсан. Ерөнхий боловсролын 49 сургуулийн 9.6 га, сургуулийн өмнөх боловсролын 33 байгууллагын 5.5 га, дээд боловсролын 3 байгууллагын 0.09 га, шинжлэх ухааны 4 байгууллагын 30.2 га газар тус тус хасагдсан байна. Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын өмчийн газраас иргэн, хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцлах, газрын үнийг буцаан төлүүлэх, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.
9. ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ САЙН СУРГУУЛИАС…
2022 оны 8 дугаар сард 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Дээрх сургуулийн оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцаж байна.
21 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 24 сургуульд зөрчил дутагдлаа засах 6 сарын хугацаатай үүрэг өгөв. Ажлын хэсэг үүнээс гадна сургуулиудын хөтөлбөрт шалгалт хийж их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсны 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм.
10. ДИПЛОМЫН НАЙМААГ ТАСЛАН ЗОГСООНО
БШУЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран 8 сарын хугацаанд улсын хэмжээний СӨБ, ЕБС-ийн 59055 багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийж, 724 зөрчил илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэв. Дахин нягтлах шаардлагатай 2 мянга орчим баримт бичиг байна.
Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл дипломын дугаар давхардсан, бүртгэлд огт байхгүй дугаар бичсэн, өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил, боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдэл, боловсролын удирдах дээд байгууллагын алдаа зэрэг байна. Шалгалтын дүн мэдээллээс харвал бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байлаа.
11. СУДАЛГААНЫ САНХҮҮЖИЛТИЙГ ТОГТМОЛ БОЛГОВ
Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журмыг баталлаа. Журмын төсөлд эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн судалгааны үндсэн чиглэлийг Засгийн газраас тогтоосон шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улс орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлага, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын чиг хандлагатай уялдуулан тодорхойлж, санхүүжилтийг олгохоор тусгаж өгсөн. Энэхүү журам батлагдсанаар эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны чиглэлийг оновчтой тогтоон, биет болон биет бус нөөцийн ашиглалт, засаглал, менежмент сайжирч, цаашлаад үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмыг бий болгоход чухал түлхэц болно.
12. СУРГАЛТ-СУДАЛГАА-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР ОРОН НУТАГТ…
Төрийн өмчит их, дээд сургуулиудыг үе шаттайгаар хотоос гаргаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөгжүүлэх зорилт ажил хэрэг болж эхэллээ. Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолборыг Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймаг болон Хөшигийн хөндийг байгуулахаар төлөвлөв. Энэ хүрээнд Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа Технологийн дээд сургуулийг байгуулсан юм. Тус сургууль нь 4 мэргэжлээр 120 оюутныг элсүүлэн сургаж байна. Технологийн дээд сургуульд Улаанбаатар хотоос гадна 10 аймгаас оюутан суралцаж байгаа бол ШУТИС-ийн 10 багш Өмнөговь аймаг руу шилжин ажиллаж байна.
13. ЁС ЗҮЙН ЖИЛ-2022
Боловсрол, шинжлэх ухааны салбар 2022 оныг “Ёс зүйн жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Сайдад захидал бичээрэй” аяныг зохион байгуулж 1052 иргэнээс захидал хүлээн авав. Ирүүлсэн захидлын 577 нь ёс зүйн зөрчил, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой байлаа. Дээрэлхэлтийг таслан зогсооё үндэсний хэлэлцүүлгийг өрнүүлж суралцагчид боловсролын орчин дахь зөрчлүүдийг дэлгэн хэлэлцүүлсэн юм. Сургуулиудад ажиллаж байгаа ёс зүйн зөвлөлүүд энэ онд 1095 багшид уучлал гуйх, сануулахаас эхлээд ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээг авсан байна.
14. МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАР БШУЯ-НЫ ХАРЬЯАНД ИРЖ БОЛОВСРОЛЫН СИСТЕМ БҮТЭН БОЛОВ
Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 79 байгууллага үйл ажиллагаа явуулж, 15 салбарын 185 мэргэжлээр 42 мянган залуусыг сургаж байна. 2022 онд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барив. Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм. Зөвлөл 19 хүний бүрэлдэхүүнтэй.
15. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ САЙДЫН ТЭТГЭЛЭГ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эхний жилийн 256 оюутан Их Британи, Канад, Бүгд Найрамдах Польш, Австралийн Холбооны Улс зэрэг 13 орны их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордов. “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны бэлтгэл хөтөлбөрт хамрагдах 415 хүүхдийн нэр тодорлоо. Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт 146 суралцагч өргөдөл ирүүлснээс нийт 75 иргэнийг журмын дагуу сонгон шалгаруулсан байна. Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг Оксфорд, Харвард, Стэйнфорд, Йел, Кембридж, Лейден зэрэг дэлхийн шилдэг сургуулийн анагаах ухаан, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, өгөгдлийн ухааны чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт суралцах 31 иргэн, дотоодын их, дээд сургуулийн сургалтын тэтгэлгийг 44 оюутанд олгов.
16. ЧИНГИС ХААНЫ ЕРТӨНЦ БА МОНГОЛ СУДЛАЛ
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээг зохион байгуулав. Энэ арга хэмжээнд дэлхийн 14 орны 54 монгол судлаач биечлэн, 12 судлаач цахимаар оролцсон юм. Энэ хүрээнд 3 өдрийн турш, 5 салбар хуралдаан болж, 155 илтгэл хэлэлцүүллээ. Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, ерөнхийлөгчөөр нь академич Н.Н.Крадиныг сонгосон юм. Мөн холбооны Удирдах зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болов.
17. ШИНЖЛЭХ УХААН ОРОН НУТАГТ
“Орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацыг нутагшуулъя” аян 4 аймагт зохион байгуулав. Аяны хүрээнд төр-шинжлэх ухаан-хувийн хэвшил-орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Орон нутагт шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх боломж бүрдсэн. Учир нь орон нутгийн Боловсрол, соёл урлагийн газрыг Боловсрол, шинжлэх ухааны газар болгон өөрчлөөд байна. Аяныг Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгуудад зохион байгуулаад байна. Аяны хүрээнд 220 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд танилцуулж, “Монгол технологи-Монгол инновац” хөгжүүлэх, инновацын хөгжлийн өнөөдөр ба ирээдүйн арга замыг хамтдаа хэлэлцэв.
18.АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙНА
Ариун цэврийн байгууламжийн 1, 2 дугаар ээлжийн барилга угсралтын ажил 80 хувь, зураг төслийн ажил 96 хувьтай үргэлжилж байна. Нийт I, II ээлжийн барилга угсралтын ажлын 12 аймгийн 54 сумын 130 объектыг хүлээж авах комисс ажиллаж байнгын ашиглалтад оруулсан бол 12 сумын 49 объектод барилга байнгын ашиглалтад оруулах комисс томилуулах хүсэлтийг хүргүүлсэн. Хэрэгжилт 79 хувьтай байна.
III ээлжийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер дэлгэрэнгүй болон хураангуй жагсаалт гэсэн хоёр үе шаттайгаар 3 удаа зохион байгуулагдаж эхний удаа 15 аймгийн 113 суманд 280 сургууль, цэцэрлэг, дотуур байрын зураг төсөл боловсруулах гэрээг 7 аж ахуйн нэгжтэй байгуулан, ажлыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. IV ээлжид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 17 аймгийн 88 сумын 200 объектын жагсаалтыг холбогдох аймгуудтай зөвшилцөх, давхардсан болон орхигдсон объект байгаа эсэх нягтлах ажил хийгдэж байна.
19. БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛЬ
-Боловсролын ерөнхий хууль
-Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын тухай хууль
-Дээд боловсролын тухай хууль
-Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хуулийн төслийг Улсын их хурал өргөн бариад байна
Улсын их хурлын чуулганаар эдгээр хуулиудын хэлэлцэх эсэхийг дэмжсэн юм.