Төрийн бэлгэ тэмдэг соёмбоны хамгийн дээр нь байдаг гурван үзүүртэй ГАЛ бол өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагт балчир, идэр, төгс гурван үеэрээ үүрд мандахын утгатай болно. Энэ галыг монголчууд мандаж бадрахын утгаар хэрэглэдэг заншилтай.
НАР, САР хоёр бол мөнх тэнгэрийг төлөөлөн, эгнэгт батжин бэхжиж, энхэрч мөнхжихийн бэлгэдэл юм. Энэхүү гал, нар, сар гурав нийлээд монгол улс үүрд бадран мандах болтугай гэсэн утга хадгалжээ.
ГУРВАЛЖИН ДҮРС бол жад сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг доош харуулсан нь улс ардын дайсныг дарна гэсэн далд утгатай.
Түүний дорхи ТЭГШ ӨНЦӨГ-тэй дүрс тэмдэг бол хуягны ялтсыг дүрсэлсэн бөгөөд шулуун шударга, бөх бат журамтай гэсэн утга хадгалжээ.
Түүний удаах ДУГАРИГ нь ХОС ЗАГАС-ны дүрс болно. Загасыг монголчууд өдөр шөнийн цагт нүдээ аньдаггүй, үр төл ихтэй амьтан гэдэг үүднээс сонор соргог, өнөр өтгөнийг дүрслэхдээ хэрэглэдэг заншилтай. Мөн энэ дүрс нь арга билэг буюу эр эм гэсэн утгатайн дээр улсын хүн ард нь эрэгтэй, эмэгтэй ялгалгүй цөм сонор сэрэмжтэй байж, өсөж үржин, улс орноо цэцэглүүл гэсэн утга агуулжээ.
Соёмбоны хоёр хажуугийн БОСОО ДӨРВӨЛЖИН нь хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд энэ нь монголын бүх ард түмэн эх орныхоо төлөө эв сэтгэл нэгтэй бол төмөр хэрмээс ч бат бэх гэсэн утга санааг хадгалжээ. Ийнхүү соёмбо тэмдэг нь Монголын ард түмэн <гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөд өтгөн явж, арга билгээ хослон төмөр хэрэм лугаа адил төр улсаа хамгаалъя> гэсэн гүн утгатай ажээ.
Эдүгээ соёмбо тэмдэг нь улсын сүлд хийгээд ардын цэргийн зарим тэмдэг, улс олон нийтийн чанартай чимэглэл мэтэд хэрэглэгдэн, төр улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчний жавхланг илэрхийлэх болжээ.