Банкны гүйлгээ бүрээс татвар авах гэнэ гэсэн иргэдийн бухимдалд тайлбар хийе.
Татварын алба банк, санхүүгийн байгууллагаас хуулиар мэдээлэл авах өргөн боломжтой. Өмнө нь энэ мэдээллийг зөвхөн хяналт шалгалтанд ашигладаг байсан юм. Харин одоо тайлагнах боломжийг олгож шаардлага хүргүүлж байна. Бас иргэд олсон орлогоо сайн дураар тайлагнах боломжийг нээж байна гэсэн үг.
Гэхдээ энэ нь бизнес эрхлэгчдийн дансаараа орлогоо авч буй иргэдэд л хамааралтай.
Иргэд цахим тайлангийн системээр татварын тайлан илгээхэд нээлттэй, амар болгосон.
Ямар ч бизнес банкаар гүйлгээ хийж буй.
Цахим болон зах худалдааны төвийн худалдаа зэрэг бараа борлуулалтаас гадна үйлчилгээнүүд тэр ч байтугай хуулийн, нотариатын, өмгөөллийн үйлчилгээ авахад хүртэл төлбөрийн баримт гаргадаггүй, гаргах дургүй байх нь элбэг байна.
Төлбөрийн баримт гаргаагүй нь татвар төлөхгүй байх боломж гэж бодож буй бол том андуурал юм.
Таны банкны гүйлгээг цахим тайлангийн систем өөрийн мэдээлэлтэй харьцуулж татварын тайлан ирүүлээгүйг амархан олно.
Үүний үр дүнд танд татварын тайлангаа ирүүлэх шаардлага татварын албанаас ирж буй хэрэгт.
Надаас зөвлөгөө авахаар хандсан хүсэлтүүдээс харахад 2021 оны банкны гүйлгээний мэдээллийг үндэслэн татварын алба шаардлага хүргүүлсэн байна. 2021 оны тайланг 2022 онд багтаан засварлан илгээх боломжтой. Гэхдээ төлөх татвараа хуулийн дагуу бууруулах боломж нь хумигдсан.
Харин бизнес эрхлэгч танд 2022 оны дансны гүйлгээ бүрээ цахим төлбөрийн системд оруулж амжих, зардлаа бүртгүүлж, төлөх татвараа хуулийн дагуу бууруулах боломж 18 хоног үлдсэн байна. Тиймээс дансандаа орлоготой ч татвараа төлөх мэдлэг, мэдээлэлгүй хүн бүр цахим төлбөрийн баримтын системд орлого, зарлагаа бүртгүүлж амжуулна уу гэж зөвлөе.
Төлбөрийн баримт өгөөч гэсэн хүсэлт бүрт "үгүй" гэж хариулж буй бизнес эрхлэгч та өөрийгөө эрсдэлд оруулж байгаагаа бодоорой. Таны банкаар хийсэн гүйлгээ бүр таны мэдээллийг системд илгээнэ.
Банк "хувь хүний нууцыг хамгаалах ёстой" гэж та бодож байна уу. Банк өөрийн үйл ажиллагааг эрсдэлгүй явуулахын тулд шаардлагатай мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй.
Харин "гүйлгээ бүрээс татвар авах гэж байна" гэдэг үг бол тайлан гаргаж үзээгүй хүний л мушгин гуйвуулж буй үг шүү.
Тиймээс л татварын тайлангаа бэлдэж эхлэх хэрэгтэй байна иргэд ээ.
Эх сурвалж: Татварын зөвлөх Батчимэг