Өнөөдөр чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий чуулганы тогтоолоор "Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11-р сарын 14-нд дэлхийн нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргажээ.
Диабетийн олон улсын холбоо, түүний гишүүн улс орнууд анх 1991 оноос чихрийн шижний эсрэг авах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Харин Монгол Улсад Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг 2003 оноос эхлэн тэмдэглэж байна.
2019 оны байдлаар дэлхий дээр 463 сая хүн энэ өвчнөөр өвдсөн байна. 2045 он гэхэд ихсээд, 700 саяд хүрнэ гэсэн статистик тоо байдаг.
Монголчуудын хувьд, 20-79 насны хүмүүсийн дунд 5 хувийн тархалттай гэж үздэг байна.
Чихрийн шижин нь олон эрхтнийг гэмтээдэг өвчин юм. Жишээ нь тархины цус харвалт, зүрхний титэм судасны нарийслууд, зүрхний шигдээс, бөөрний дутагдал гээд хүндрэлүүд нь дандаа амь насанд аюултай хүндрэл үүсгэдэг хөнөөлтэй өвчин юм.
Чихрийн шижин хэв шинж нь удамшлын болон олдмол байдаг байна. Таргалалт ялангуяа хэвлийн хэсгээр таргалах, хөдөлгөөний хомсдол, тамхи архины хэтрүүлэн хэрэглээ, аав ээж ньс аль нэг нь чихрийн шижинтэй байхад 40 %-ын магадлалтай байдаг байна. Мөн жирэмсэн үеийн сахартай байсан зэрэг олон хүчин зүйлсээс нөлөөлж үүсдэг ажээ.
Тиймээс эрүүл амьдралын хэв маягийг хэвшил болгох нь хамгаас чухал болоод байна. Нэн ялангуяа эцэг эхчүүд үр хүүхдээ эрхлүүлж байна гээд амттан ихээр авч өгдөг, хүүхэддээ утас , ipad хязгаарлах нь зүйтэй юм. Жишээ: Эрүүл хоол хүнс хэрэглэж, өдөр бүр дор хаяж 20-30 минут дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй.