Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 90 мегаватт (МВт) суурилагдсан хүчин чадалтайгаар жилд 366 сая киловатт цаг (kВт.ц) эрчим хүч үйлдвэрлэн баруун бүсийн эрчим хүчний систем ногоон эх үүсвэрээс бүрэн хангагдах нөхцөл бүрдэнэ

 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 90 мегаватт (МВт) суурилагдсан хүчин чадалтайгаар жилд 366 сая киловатт цаг (kВт.ц) эрчим хүч үйлдвэрлэнэ. Усан цахилгаан станц баригдах болон нуур үүсэх нутаг дэвсгэр нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын уулзвар газар нутгуудыг дамнан байрладаг.  Уг бүс нутагт төсөл хэрэгжих талбай буюу нийт 28000 га газрыг Монгол улсын Засгийн Газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны 357 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авчээ.

Дотоодын шинэ эх үүсвэр ашиглалтад орсноор гадагшаа гарах мөнгөн урсгал зогсохоос гадна, иргэд, аж ахуйн нэгжийг хямд үнэтэй эрчим хүчээр тасралтгүй хангах давуу талтай. 

Бид бүхэн 1кВт-ийг ард иргэд 120 төгрөгөөр, аж ахуйн нэгжүүд 180 гаруй төгрөгөөр, уул уурхайнхан 290 гаруй төгрөгөөр авч байгаа бол энэ  төслийг хэрэгжүүлж  ашиглалтад орсноороо 1кВт-ийг 36 төгрөгөөр авах боломжийг Эрдэнэбүрэн усан цахилгаан станц хангаж өгөх боломжтойгоос гадна, Монгол улсын үндэсний аюулгүй байдал хараат бус, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нэг болсон бүтээн байгуулалтыг бий болгох юм. Иймд 90 мегаватт хүчин чадалтай “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” баригдсанаар баруун бүсийн таван аймгийн 4430 ахуйн нэгж, 5400 орон сууц, 36.000 гаруй гэр хорооллын хэрэглэгч, нийт 52.000 хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр хангах юм.

Усан цахилгаан станц баригдсанаар эрчим хүчний импорт зогсохоос гадна, хүлэмжийн хийг бууруулж жилд ойролцоогоор 756,6мянган тооно нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрс хүчлийн хийн ялгарлыг багасгах тооцоолол гарсан. Түүнчлэн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил нь Ховд голын урсцыг таслахгүйгээр  голдирлыг өөрчлөхгүйгээр,  хүрээлэн байгаа орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй явагдах юм. Өөрөөр хэлбэл Ховд голын Шэжигтийн хавцалд орших Боргио голын урсцад саад болохгүй байгалийн унаган төрхөөр нь байлгах тооцооллыг бий болгосон байна. Жилд үйлдвэрлэх эрчим хүч нь 366 сая кВт байх бөгөөд энэ нь  баруун  5 аймгийн цахилгааныг хангаад зогсохгүй их ачааны үед төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах юм. Төслийн үр дүнд нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 74 хувийг импортоор авдаг Баруун бүсийн эрчим хүчний систем ногоон эх үүсвэрээс бүрэн хангагдах нөхцөл бүрдэнэ.

Нэвтрүүлгийг үзэх :  

 
 
 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү