Морио зодсон Германы дасгалжуулагчийг Токио 2020 наадмаас хөөжээ

Орчин үеийн пентатлоны төрөлд тамирчнаа өрсөлдүүлж буй Германы дасгалжуулагчийг олимпын наадмаас хөөх болсноо өчигдөр тус спортын холбоо зарлажээ.

 

Баасан гарагт Германы тамирчин Анника Шлеу морьтой харайлтын үзүүлбэрээр өрсөлдсөн юм. Тамирчид санамсаргүй хуваарилсан морьтойгоо 20 минутын турш бэлдээд энэхүү тэмцээнд оролцдог дүрэмтэй.

Гэтэл Шлеуд оногдсон “Saint Boy” нэртэй морь шинэ эзэндээ удирдагдалгүй, саадан дээгүүр харайхыг эсэргүүцсээр байжээ. Энэ үеэр дасгалжуулагч Ким Райснер зангидсан нударгаараа “зөрүүд” морийг цохин сургаж байгаа нь камерт бичигдсэн байна.

Тэр бас Шлеуд морио цохих заавар өгч байжээ. Уг дүрс бичлэг сошиал сүлжээнд тарж, амьтны эрхийн асуудал хөндөгдсөн байна.

Тэмцээний дараа Шлеу “Би хэчнээн хичээсэн ч морь маань явж өгөөгүй. Аргаа бараад би уйлж эхэлсэн” гэж хэвлэлд ярьжээ.

 
Пентатлоны тамирчин Анника Шлеу

“Би тамирчиндаа цохих заавар өгсөн. Гэхдээ морины биед хор хохирол учруулах хэмжээний цохилт байгаагүй. Морио ташуурддагтай л адил үйлдэл” гэж Райснер өөрийгөө өмөөрснийг Германы хэвлэлүүд мэдээлсэн байна.

Харин орчин үеийн пентатлоны холбоо UIPM-ээс гаргасан мэдэгдэлд “Манай удирдах зөвлөл Германы багийн дасгалжуулагч Ким Райснерт хар карт өгч,  үлдэж буй өдрүүдэд олимпын наадамд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа. Шийдвэр гаргахдаа тэмцээний үеэр Анника Шлеугийн унасан Saint Boy нэртэй морийг нударгаараа цохиж буйг харуулсан Райснерын дүрс бичлэгийг шалгаж, нягталсан болно” гэжээ.

“Өнөөдрийн үйл явдал морь болон тамирчныг аль алиныг нь хамгаалахын тулд тэмцээний дүрмийг яаралтай шинэчлэн сайжруулах шаардлагатайг харуулж байна” гэж Германы Үндэсний Олимпын Хороо мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү