Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр замын 113 нь асфальтан хучилттай болжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцаж байна.

Энэ үеэр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам барилгын ажлын төслийн зөвлөх, “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал С.Очирбат “Дарханы замын шинэчлэлтийн ажилд нийт 1,500 хүн долоон загварын тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.

Дарханы замын таван багцын нэгдүгээр багц нь буюу асфальтан 37 километр зам тавигдсан бөгөөд хоёр талын өргөтгөлийг хийж байна.

Энэ жил 60 орчим хувийг нь хийгээд гэрээний дагуу 2022 оны арваннэгдүгээр сард дуусах ёстой ч хугацаанаасаа өмнө дуусах боломжтой.

Харин хоёрдугаар багцын хувьд асуудалтай байгаа бөгөөд Азийн хөгжлийн банк гүйцэтгэгч байхгүй болсон тул өнгөрсөн оны аравдугаар сараас гэрээ цуцлах талаар ярьсан.

Хоёрдугаар багцын хувьд хуучин хучилттай замаараа явж байгаа бөгөөд бөөн тоос шороотой тул зорчиход бэрхшээлтэй.

Азийн хөгжлийн банкны таван гүйцэтгэгч нь дандаа БНХАУ-ын компаниуд байсан. Өнгөрсөн жил болон энэ жил 1,200 хүн ирж ажиллах төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас орж ирж чадахгүй байгаа.

Тиймээс захиалагчийн зүгээс Монгол ажилчдыг авах санал гаргасан тул өнөөдөр Дарханы замын шинэчлэлтийн ажилд дандаа Монгол ажилчид ажиллаж байгаа.

Үүнээс 70 орчим нь л БНХАУ-ын ажилчид бөгөөд тэд бүгд инженер техникийн болон санхүүгийн хүмүүс байгаа юм.

Цар тахлын улмаас БНХАУ-ын зарим инженер, техникийн ажилчид хилээр нэвтэрч чадахгүй байдалтай байна.

Харамсалтай нь монгол ажилчид дэвсэгч зэрэг техникээ ажиллуулж чадахгүй байгаа. Ажиллуулсан ч зарим тохиолдолд дэгэн догонтой тавих жишээтэй.

Өнөөдөр энэ зам дээр индүүний жолоочоор ажиллах ч хүн олдохгүй байна.

Ажилчид олдохгүй байгаа нь том бэрхшээл болж байна” хэмээн ярив.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр замын 113 нь асфальтан хучилттай болжээ.

Гэхдээ хилээр замын цагаан будаг зэрэг материал орж ирэхгүй байгаа учир тэмдэг, тэмдэглэгээнүүд нь дутуу байгаа аж.

Тухайлбал 45 километр зам дээр л гэхэд 300 гаруй тэмдэг тэмдэглэгээ тавих ёстой. Гэвч орж ирсэн материалаас шалтгаалж 100 орчим тэмдэг л тавьсан байдалтай байгааг зөвлөх компанийн зүгээс тайлбарлаж байв.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү