Ахлах ахлагч Э.Даваажамц Дорнод аймаг хүртэл гүйх санал гаргажээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км замыг явган туулахаар 22 дахь өдрөө гүйж байна. Тэгвэл “Ахлах ахлагч Э.Даваажамц гүйх замаа 650 км орчмоор нэмж, Дорнод аймгийн Чойбалсан сум руу гүйхээр төлөвлөж, Зэвсэгт хүчний Жанжин штабаас зөвшөөрөл авсан” тухай мэдээлэл цахим сүлжээнд тархаж буй. Үүнтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний Жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас тодрууллаа. Тэрбээр

“Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц гүйлтээ долдугаар сарын 10-ны өдөр дуусгаж, Улаанбаатар хотод ирэхээр төлөвлөсөн. Харин тэрбээр өдөрт гүйх 40-50 км замыг илүү хурдан туулж, төлөвлөсөн өдрөөсөө эрт буюу долдугаар сарын 4-ний өдөр орчимд ирэх тул гүйх замаа нэмж, монгол цэргийн тэсвэр, хатуужлыг харуулахаар дахин цааш Дорнод аймгийн Чойбалсан сум руу гүйх саналаа Жанжин штабт ирүүлсэн. Эцсийн байдлаар гүйлгэх саналыг гаргаагүй байгаа ч Жанжин штабын удирдлагуудаас уг саналыг нь дэмжиж байгаа юм. Одоогоор ахлах ахлагч Э.Даваажамцын биед өөрчлөлт байхгүй, эрүүл чийрэг байгаа. Түүнийг эмч дагалдаж, гэр бүлийн хүн нь хоолыг нь хийж өгч байгаа” гэсэн юм.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү