Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн цалинг нэмэхийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сарын 15-нд УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нар өргөн барьсан юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд нийт 3113 алба хаагч ажилладаг байна. Үүний 1528 нь нийслэлд, 1585 нь нь орон нутагт үүрэг гүйцэтгэдэг ажээ. Тэд хорих ял шийтгүүлсэн, цагдан хоригдсон, баривчлагдсан 6200, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээгээр шийтгүүлсэн 7800, нийт 14000 хүнд оногдуулсан ял шийтгэлийг эдлүүлэх, хяналт тавьж нийгмээс тусгаарлах ажлыг хариуцаж байна. Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан нэг шийдвэр гүйцэтгэгч 120-160 ялтан, этгээдэд хяналт тавьж байгаа нь ажлынх нь ачаалал 2-3 дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад зарим төрлийн нэмэгдэл олгодог ч тэдний тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзжээ. Ялангуяа аймгийн төвөөс алс нутагт байрладаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс нийгмийн баталгаа дордох нөхцөл үүсчээ. Үүнтэй холбоотойгоор хорих, анги байгууллагад тогтвортой ажиллах албан хаагчдын тоо буурсан байна. Тухайлбал, сүүлийн гурван жилд орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжээс 360 алба хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ. Мөн 1325 алба xaaгч шилжин томилогдох хүсэлт гаргасан байна.

Тиймээс нийслэл, аймгийн төвөөс бусад газарт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажилласан алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутам олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар эхний жилд 281 хүнд олгох мөнгөн урамшилд 6.2 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Харин цаашид жил бүр 2.3 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд уг зардлын эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцсон байна. Уг хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь дэмжиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчдын цалинг нэмэх нь зүйтэй гэж үзлээ. 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү