​Б.Энхбаяр: Улаанбаатарын А зэрэглэлд 80 гаруй газар авчихсан, зардаг том авлигын сүлжээ байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хуулийн төслүүдийг дэмжиж байгаа. 2017 онд бүртгэлийн багц хуулийг батлаад нэлээд олон мэдээллийг нээлттэй болгосон. Энэ хуульд нээлттэй болгоно гэж заасан ч хэрэгжихгүй байгаа заалт нь газрын тухай мэдээллийг нээлттэй болгох. Сая гаруй иргэн болон хуулийн этгээдийн газар ашиглах, эзэмших эрхийн мэдээллийг газрын албаныхан мэдээллийн санд оруулахгүй байна. Засгийн газар, Хууль зүйн яам нэлээд шахаад ажиллаад байдаг. Газрын мэдээллийг газрын албаныхан яагаад оруулахгүй байна вэ. Дөрвөн жил хууль хэрэгжүүлсэнгүй. Миний ойлгосноор ил болгохоор газрын албаны мафи ханз үсрэх гээд байх шиг байгаа юм. Зарим хүн Улаанбаатар хотын А зэрэглэлд 80 гаруй газар авчихсан, зарж байдаг том авлигын сүлжээ байна. Энэ сүлжээ нь илэрчих гээд байдаг юм уу мэдээллийг нь оруулахгүй байгаа.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Газрын мэдээлэлтэй холбоотой асуудлыг мэдээлэл хариуцагч буюу төр ил болгох үүргийг хуульчилж өгч байгаа. Энэ мэдээллийг хэн дуртай хүн нь авч үзэж болно.

Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Гурван жилийн өмнө бүртгэлийн багц хуулийг баталсан. Энэ хуулиар маш олон шинэчлэл хийсэн. Үүний нэг нь газрын хаягийн сан, үл хөдлөхийн хаягийн мэдээллийн санд нээлттэй байна гэж зааж өгсөн. Үүний дагуу Засгийн газар ажлуудаа үе шаттай хийж байгаа. Газар эзэмших, ашиглах мэдээлэл нээлттэй байна. Таван төрлийн 67 чиглэлийн мэдээллийг нээлттэй болгоно. Улсын бүртгэлийн байгууллага, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар системээ хөгжүүлээд явж байна. Удахгүй ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Нийтийн мэдээллийн тухай хууль гэдэг нэршилтэй санал нэгдэхгүй байгаа.  Нийтийн мэдээллийн хууль гэж нэрлээд зохицуулалт хийх гэхээр цахим орчин дахь мэдээллийг зохицуулах гээд байгаа юм шиг ойлголт төрүүлээд байна. Уг нь энэ бол төрийн цахим харилцааны буюу цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн мэдээллүүдийг хоорондоо солилцох хууль гэж ойлгоод байгаа. Энэ хууль дээр Цахим хөгжлийн үндэсний хороо гэж бүтэц нэмэхээр оруулж ирсэн. Цахим хөгжил яриад, цахим шилжилт хийе гэхээр хүн орон тоогоо нэмдэг, шинэ бүтэц бий болгодог болчихлоо. Цахим хөгжлийн үндэсний хороо гэдэг юмыг хуульчилж яах гээд байгаа юм бэ. Намар яамтай болно гэж ярьж байгаа. Гэтэл одоо агентлаг байгуулаад хэн нь хэнийгээ удирдах гээд байгаа юм бэ. Цахимаар үзүүлэх гэж байгаа eMongolia платформ амжилттай хэрэгжээд явж байна. Гэтэл дахиад энэ хууль дээр мэдээлэл өгөх байр л гэнэ, цаг аваад хүн ирдэг нөгөө л нэг чирэгдэл чинь дахиад явах гээд байна. Цааснаасаа цахим руу шилжинэ гэж байж юун мэдээлэл авах төв байгуулах болчихвоо.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: Засгийн газрын тухай хуульд заасан журмын дагуу яам байгуулсан тохиолдолд үндэсний хороог татан буулгаад явах байх. Өнөөдрийн түвшинд энэ хороо Ерөнхий сайдын дэргэд ажилладаг, дэд бүтцийг холбох, тал талд гарч байгаа үр ашиггүй зардлыг бууруулах ач холбогдолтой.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү