Сонгуульд ялсан ч ковидод өвдөг шороодсон МАН-ын Засаг иргэдээ эмнэлэггүй, эмгүй ХАЯЛАА

“Хөл хорих уу, эс хорих уу” гэсэн нөгөө л “мөнхийн” асуулт нийслэлчүүдийн 100 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан хойно ч яригдсаар байна. Албаныхан зургадугаар сарын сүүл гэхэд халдварын тоо тасралтгүй буурч, наадам гэхэд “Ковидгүй зун”-тайгаа золгоно гэх утгаар мэдэгдсэн. Гэвч буурах биш өссөөр.

Өчигдөр нэг өдөрт 2188 халдвар бүртгэгдлээ. Энэ бол манай улс коронавируст халдвартай тэмцэж эхэлснээс хойш, нэг өдөрт бүртгэж авсан хамгийн өндөр тоо. Өнөөдөр хэд гэж зарлагдахыг хэн ч мэдэхгүй. Нэг үгээр халдварын нөхцөл байдал замаа алдсан.

Замаа алдсан гэдэг тодорхойлолтод хэд, хэдэн хүчин зүйл багтана.

Нэгдүгээрт, орон нутагт халдвар идэвхийлэн нэмэгдсээр байна. Эрдэнэтийн халдвар 1000 давлаа, Дархан дөхөж явна. Өвөрхангай 598, Архангай 622, Завхан 524 гээд үргэлжилнэ. Орон нутгийн онцгой комиссууд сайн ажиллахгүй л бол энэ нөхцөл байдал цааш яаж ч өрнөж мэдэхээр байна. Өмнө нь МАН-ын Засаг Ж.Энхбаяр мэтийн хүмүүсээ орон нутаг руу явуулж, ажиллуулж, “мундаг хүмүүс” болж тоглодог байсан ч одоо нэгэнт больжээ.

Хоёрдугаарт, вакцин хийгээд хийгээд нэмэр төдийлөн алга. Дээр дурдсанчлан Нийслэлийн иргэдийн 100 хувь нэгдүгээр тунд, харин 87.6 хувь нь хоёрдугаар тунд хэдий нь хамрагдчихаад байна. Энэ логикоор бол Улаанбаатарт бүртгэгдэх халдвар тэн хагасаар буурах ёстой. Гэтэл тэгдэггүй. Учир нь Веросэл вакцины бүтэн тунд хамрагдсан ч халдвар авч байгаа.

Гуравдугаарт, эмнэлгүүд пиг дүүрчээ. Одоо коронавирус туссан бол “Эмнэлэг мөрөөдөл шүү, гэртээ эмчлэгдэнэ гэж тооц” гэсэн дүрэм л үйлчилдэг болов. Шинжилгээний хариу эерэг гарсан бол өрхийн эмнэлгээс бараг л утастахгүй. Эмийн багц нь хүрэлцэхгүй, халдвар авсан иргэд өөрсдөө амны хаалтаа зүгээд эмийн сан зүглэнэ.


Эдгээр зэрэг нь иргэдийн буруу  юу гэвэл үгүй.  Нөгөө орон нутаг дахь хяналт, хоёр тун вакцин хийлгэж байж хотоос гаргана гэсэн мэдэгдэл зэрэг хаачив. Ерөнхийлөгчид дэвшигч мэтийн хүмүүс нь зүгээр явж болдог. Нөгөө дэлхийд шахуу тэргүүлээд байсан гайхамшигт вакцинжуулалт нь юу болов. Төр нь иргэнээ эмчилж дийлэхээ байлаа, нөгөө бэлдээд байсан эмнэлгүүд нь хаана байна вэ.

Кэйс 1Иргэн Г халдвар авснаа мэдсэнээс нэг өдөр хагасын дараа өрхийн эмнэлгээс ирж үзээд “Та уг нь эмнэлэгт хэвтэх заалттай юм байна. Гэхдээ эмнэлэг үнэхээр дүүрсэн. Бид ч асар ачаалалтай байна. Гэрээр эмчлүүлэгсдэд өгөх эмийн багц хүрэхгүй байгаа. Өөрөө эмийн сангаас эмээ аваад, биеэ чагнаад хэвтээрэй. За, баяртай” гээд явжээ.

Ингээд өндөр халуурч, амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдсан тэр өөрөө олон нийтийн газраар явж эм, хоол хүнсээ цуглуулсан бөгөөд ганцаар амьдарч буй тул өөрөө өөртэйгөө хамт коронавирустэй тэмцэж эхэллээ.

Кэйс 2. Иргэн Б эмнэлэгт ковидын бус шалтгаанаар үзүүлэхээр PCR шинжилгээ өгөхөд эерэг гарчээ. Амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдсан байна. Олуул амьдардаг тул гэрээр эмчлүүлэх нь эрсдэлтэй байв. Иймд эмнэлэгт хэвтэхээр хандсан боловчх хүлээж авах газар олдсонгүй. Ингээд танил талаараа яриулан ХӨСҮТ-д хэвтжээ. Хэвтсэн ч түүнийг эмч нар өдрийн од шиг цөөн үзэж, шинжилгээний хариу, цээжний рентген зургийг нь гурав хонож байж үзүүлж байжээ.


Одоо PCR шинжилгээг төлбөртэй авдаг болсон. Тиймээс сайн дураар шинжлүүлэх хүмүүсийн тоо эрс буурна. Мөн вакцин хийлгээд халдвар авсан ихэнх хүмүүст шинж тэмдэг сул илэрч байгаа. Бараг халдвар авснаа мэдэхгүй, эсвэл энгийн ханиад хүрч гэж андуурахаар. Нууц үед нь PCR шинжилгээ сөрөг л гэж заана. Иймд ерөөс халдвартайгаа мэдээ ч үгүй нийгмийн харилцаанд орж буй хүмүүс коронавирусийг идэвхийлэн түгээнэ. Энэ бүгд тэгээд иргэдийн буруу юу, бас л үгүй. Тэд ажиллаж, амьдрах хэрэгтэй.

Эрүүл мэндийн байгууллагууд цөхөрчээ. Ерөөс бүх чиглүүлэг нь явж, явж Өрхийн эмнэлэг дээр буудаг аж. Гэтэл тэд нь тухайн хороон дахь ковидын тохиолдлоосоо шалтгаалж асар их ачаалалтай. Нэг хороонд долоо хоногт 100 ширхэг эмийн багц ирдэг нь хоёр, гурван өдөрт тараагдаад л дуусдаг гэх. Тэгээд тэд “Яамныхан юу ч мэдэхгүй. Яг энэ шатанд юу болж байгааг мэдэхгүй хэр нь ээ дандаа том, том ярьдаг” гэж бухимдана.

Харин төрдөө хаягдсан иргэд нөгөөх айхтар 4-5 сая төгрөгийн эмчилгээг өөртөө, гэртээ хийнэ. Хэд хоногийн хэрэглээ болох өндөр тунт Д, С витамин, Арбидол тэргүүтэй эмийг аваад ороход л 200-300 мянган төгрөг элбэг давна. Энэ нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөхгүй. Мөнгөгүй хүн ковид тусвал яах вэ. Эм ч үгүй, эмнэлэг ч үгүй, бурханд найдах уу.

Одоо Улсын их баяр наадам хүлээж байна. Үүнийг цуцлах уу, хийх үү гэж ид яригдаж буй. Мөн нөгөө л хөл хорих уу, үгүй юу гэдэг асуулт. Засгийн газар “Хатуу хөл хорио тогтоохгүй” гэж хэд хэдэн удаа ам алдсан. Иргэд бол амыг нь асууна.

Гайгүй буурч ирсэн халдвар яагаад дахиад эрчимжив гээд харахаар ерөөсөө хоёр үйл явдал шууд харагдаж буй нь:

  1. Ерөнхийлөгчийн сонгууль. Сонгууль угтсан сурталчилгаа орон нутгаар нэг явж, Нийслэлд ч түмэн бөөгнөрөл болсон. Эрх баригчид, ялангуяа Засаг баригч МАН-ынхан коронавирусээр попордгоо бүр таг мартсан.
  2. Ерөнхийлөгчийн одон медаль тараалт. Бараг өдөр алгасахгүй өдрийн хэдэн арван хүнд шагнал гардуулсан. Манайхан нэгнийгээ шагнал авахаар яадаг билээ, угаалга хийж, найр наадам болохоо шахна. Одон авсан нэг хүний ард 100 хүн бөөгнөрнө гэхэд худлаа болохгүй.

Ерөөс эрх мэдэлд шунасан ба эрх мэдлээ алдахын өмнө зангирсан улс төрчдийн үйлдэл л халдварыг тавиад туув.


Нөгөө ХӨСҮТ-ийн өмнүүр орж даналздаг С.Амарсайхан хаачив аа. С.Энхболд, Эрүүл мэндийн сайд амьд уу. Вакцины цэгээр салхи татуулагч Л.Оюун-Эрдэнэ сайд юу бодож байна вэ. Халдварыг үнэхээр алдчихсан юм уу. Тийм бол зарлаач. Үгүй бол барьж аваач, халдвар аваад гэртээ нас барагсдын тоо өсөхөөс өмнө нэг юм бодооч.

Ерөөс ам нээвэл хэлдэг үг нь “Иргэдийн вакцинд хамрагдалт муу байна”. Хийлгэсэн ч хүнд тусаад байна, хүмүүс тань. Одоо жаахан хөрсөн дээрээ бууж ажиллавал яасан юм. Хүн амын тоонд нас баралтын хувийг харьцуулсан үзүүлэлтээр бид АНУ-ыг даваад байна.

Сонгууль гэж назгайрчхаад одоо иргэд рүүгээ буруу чихэж, хөл хорино барина гэвэл лав зохистой харагдахгүй биз ээ. Сүүлд УОК хэзээ хуралдсаныг ч мартчихсан байна, Засгийн газар аа.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү