“Маршалын гүүрээс Улиастай хүртэлх дугуйн замын тодорхой хэсэгт хөрсийг сольж, нягтруулж байгаа. Нэмэлт хөрөнгө аваагүй”

Маршалын гүүрээс Улиастайн гүүр хүртэл 7.2 км үргэлжлэх дугуйн замыг асфальтан хучилтыг хуулж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан. Энэ мэдээлэлд албаны хүн болон гүйцэтгэгч компаниас албан ёсны тайлбарыг өнөөдөр өглөө. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнэ

“Туул голын дагуух үерийн даланг ашиглан хийж буй дугуйн замын өргөн нь 3.5 метр, замаас тусгаарлах үерийн далан нь 20 метр орчим.

Бид 180 метр газрын асфальтыг хуулуулсан. Энэ нь үерийн далангийн хамгийн бага хэсэг буюу 20 см-ийн хэсэгт суулт өгсөн байсан тул дахин нягтаршуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ашиглалтад орохоос өмнөх илэрсэн нөхцөлийг дахин засварлуулж байна. Ашиглалтад орсны дараагаар баталгаат хугацаанд чанар стандартыг мөрдүүлнэ. 

Саадгүй 7.2 км үргэлжлэх трасс учир энд дугуйн зам байгуулахаар төлөвлөсөн. Ашиглалтад орсны дараагаар насны хязгаарлалт, анхааруулах санамж тэмдэглэгээ хийнэ” гэв.

“2021 оны долдугаар сар гэхэд дугуйн замыг бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн”

“Altai road” компанийн Гүйцэтгэх захирал Н.Ганзориг

 “Энэхүү дугуйн зам нь үерийн даланг ашиглаж хийсэн. Дугуйн замын тодорхой хэсэг газарт хөрсний ус гарсан тул 50 гаруй метр газарт хөрсний шороог сольж байна. Үүнд нэмэлт хөрөнгө аваагүй, мөн ашиглалтад өгсөн зүйлийг эвдэж засаагүй. Барилгын ажил үргэлжилж байгааг хэлмээр байна. 

Үерийн далан ашиглаж хийсэн дугуйн зам учир хөрсний уснаас шалтгаалсан суулт ажиглагдсан. Иймд инженерүүд ярилцаж байгаад хөрсийг нягтруулж, хүчитгэх нь зүйтэй гэж үзсэн.

Манай компани дугуйн зам барьж байгуулах нэгдүгээр ээлжийн ажлын тендерт 2019 онд оролцож, шалгарсан юм. Энэ нь дугуйн замын зорчих хэсэг болон гүүрэн байгууламжийн ажил байв. Уг ажлыг 2020 оны долдугаар сард хийж дуусгасан. Харин хоёрдугаар ээлжийн ажил гэрэлтүүлэг, амрах хэсэг, тэмдэг тэмдэглэгээ зэрэг багтсан бөгөөд энэхүү тендерт мөн манайх шалгарснаар ажлаа үргэлжлүүлж байна. Бид 2021 оны долдугаар сар гэхэд дугуйн замыг бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн” хэмээлээ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү