НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДРӨӨР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙГ СОНСОЖ УУЛЗЛАА

Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гарагийг Нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү өдөр энэ жил 5 дугаар сарын 26-ны өдөр тохиож байна.

Шийдвэр гаргах төвшинд хүүхэд үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх, мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх боломжийг хангах зорилгоор “Хүүхдээ сонсох өдөр” –ийг угтан Чингэлтэй дүүрэг “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ-2021” хүүхдийн чуулганаа цахимаар зохион байгуулсан. Уг чуулганаас гарсан санал санаачилгаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнд танилцуулах уулзалтыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгууллаа.
Уулзалтад Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий 9 дүүргийн хүүхдийн төлөөлөл, 9 дүүргийн хүүхдийн элч оролцлоо.
Уулзалтад оролцсон хүүхдүүд өөрсдөдөө тулгамдаж буй асуудлууд, нийгмийн харилцаанд болж байгаа үйл явцын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн асуудлуудыг гарган шийдвэр гаргах төвшинд чөлөөтэй дуу хоолойгоо илэрхийлсэн бөгөөд шинэлэг хэлбэрээр болох видео байдлаар танилцуулгуудаа бэлтгэн танилцуулсан.
Мөн 9 дүүргээс Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн дагуу харьяа дүүргийнхээ хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг бүхий хүүхдийн элчүүд андгайгаа өргөн нийслэлийн Засаг даргаас үнэмлэхээ гардан авлаа. Эдгээр Хүүхдийн элчүүдийг дүүрэг бүр хүүхдийн чуулганаараа хэлэлцүүлж сонгосон бөгөөд дүүргийн засаг дарга нар батламжилсны дагуу өнөөдөр үнэмлэхээ гардан авч байна.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн уулзалтад танилцуулсан санал санаачилгын дагуу бодлого шийдвэртээ тусган, хүүхдийнхээ дуу хоолойг дандаа сонсож, тэднийг дэмжин ажиллахаа мэдэгдсэн юм.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү