Улсын хэмжээнд 82.4 мянган га талбайд тариалалт хийгээд байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаар мэдээлэл өглөө.

Энэ онд улсын хэмжээнд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал,  өссөн дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 527.8 мянган га-д тариалалт хийх зорилт тавин ажиллаж байна.

5-р сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд 77 мянган га-д үр тариа, үүнээс 75.9 мянган га-д улаан буудай, 2.3 мянган га-д төмс, 1 мянган га-д хүнсний ногоо, 0.1 мянган га-д малын тэжээл, 1.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 82.4  мянган га-д тариалалт хийгээд байна.

Ковид-19 цар тахлын тархалтын улмаас тогтоосон хөл хорионы дэглэм, 4, 5 дугаар сарын цаг агаарын онцлогтой холбоотойгоор хаврын тариалалтын ажил урьд жилүүдийнхээс бага зэрэг хойшилж тариалангийн үндсэн бүс нутгуудаар лууван, сармисны тариалалт 5-р сарын 3-аас, улаанбуудайн тариалалт 5-р сарын 10-наас эхлээд байна.

Тариалалтад шаардлагатай буудайн үрийг бүрэн бүрдүүллээ

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд дотоодоосоо 47.4 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 10 мянган тонн үр нийлүүлснээр тариалалтад шаардагдах буудайн үрийг бүрэн бүрдүүллээ. Өнөөдрийн байдлаар тариалалтад зориулан хүсэлт гаргасан 284 иргэн, аж ахуйн нэгжид 9.7 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай зээлээр Хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгоод байна.

Хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлж ногоочдод олгож байна

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 574.7 сая төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 16.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авсан. Мөн 1.35 тэрбум төгрөгөөр 160 тонн төл сонгинын үр худалдан авах ажиллагааны шатанд явагдаж байгаа бөгөөд хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгох ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү