Д.Сумъяабазар: Метро, хөнгөн галт тэрэг нэвтрүүлснээр түгжрэл 17-22 хувь буурна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг 2021-2024 онд 50 хувиар бууруулах төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцууллаа. 

Монгол Улсын нийт хүн амын 47.5 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Мөн ДНБ-ий 64.7 хувийг үйлдвэрлэж, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 75.8 хувь, их дээд сургуулийн 95.8 хувь, ЕБС-ийн 32.8 хувь, цэцэрлэгийн 47 хувь, улсын төсвөөс гаргасан санхүүжилтийн 77.9 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг бөгөөд нийт тээврийн хэрэгслийн 54.1 хувь нь хотын хөдөлгөөнд оролцож байгааг Хотын дарга танилцуулгын эхэнд дурдлаа. 

2021 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлаар төвийн зургаан дүүргийн 400 мянган иргэнийг хамруулж судалгаа авчээ. Судалгаагаар иргэдийн 85 хувь нь автозамын түгжрэлийг шийдвэрлэх шаардлагатайг онцолжээ. Мөн нийтийн тээвэр, авто зогсоолын асуудал тулгамдаж буй нь их хувийг эзэлсэн байна. 

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар, замын хөдөлгөөнд оролцож байгаа нийтийн тээврийн хурд 13 км/ц, оргил ачааллын үедээ 8.9 км/ц болж байна. Дэлхийн стандартаар 10 км/ц хүрвэл “тэг” зогсолт гэж үздэг аж. Тиймээс Улаанбаатар хот энэ байдлаар удахгүй байнгын тэг зогсолттой болох эрсдэл үүсээд буйг Хотын дарга танилцуулгынхаа үеэр тэмдэглэв. 

2010 онтой харьцуулахад, автомашины тоо нэмэгдсэнээр, гол автозамын сүлжээний даац гурав дахин хэтэрчээ. 2024 он гэхэд автозамын түгжрэлийн улмаас  алдагдсан боломж ДНБ-ий 10 хувьд хүрэхээр байна. Нийслэлийн оршин суугч өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 34 өдрийг замын түгжрэлд өнгөрөөж байгаа юм. Хотын автозамын 78 хувь нь түгжрэлтэй байгаа бөгөөд нэг км автозамыг туулахад дунджаар 10 минут зарцуулж байгаа судалгаа гарчээ. 

Олон улсын аргачлалаар тооцоход, 2020 онд Улаанбаатар хот түгжрэлийн улмаас 2.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн бол 2010-2021 оны хооронд 11.8 их наяд, ирэх таван жилд 24.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна. 2010 онд Улаанбаатар хотын автозам 954 км байхад дундаж хурд 34 км/ц байсан. Тэгвэл өнөөдөр 1136 км авто замтай, дундаж хурд 8 км/ц байгаа бол 2025 он гэхэд 1225 км автозамтай, тээврийн хэрэгслийн хурд явган хүнтэй ижил буюу 6 км/ц-ийн хурдтай болохоор байгаа юм. 

Тиймээс Улаанбаатар хотод эхний ээлжинд нэн яаралтай багтаамж ихтэй нийтийн тээвэр буюу метро, хөнгөн галт тэрэг /LRT/ нэвтрүүлэх шаардлагатай гэж үзжээ. Үүнд энэ оны төсөвт 3 тэрбум төгрөгийн эх үүсвэр тавьсан бөгөөд Засгийн газраас дэмжиж, үүрэг даалгавар өгвөл судалгааг эхлүүлэхэд бэлэн байгаагаа Хотын дарга илэрхийллээ. Уг ажлыг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Багтаамж ихтэй нийтийн тэвэрийг хөгжүүлснээр түгжрэл 17-22 хувь багасах боломжтой гэсэн тооцоо гарсан байна. 

Мөн нийтийн тээврийн автобусны паркыг шинэчлэх, зам дэд бүтцийг сайжруулах, автомашины зогсоол нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн явган зам, дугуйн замыг нэмэх,  ачаа тээвэр, логистикийг боловсронгуй болгох ажлыг яаралтай хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, байгальд ээлтэй 500-1000 автобусаар парк шинэчлэх, олон улсын стандартад нийцсэн 290 автобусны зогсоол байгуулах, технологид суурилсан, хүний ажиллагааг хөнгөвчилсөн 5000 автомашины зогсоол шинээр бий болгохоор төлөвлөгөө гаргаад байгаа аж. 

Дунд, урт хугацаанд, хотын төвлөрлийг бууруулах, томоохон зах, худалдааны төвийг нүүлгэх, автозамын даатгал, хураамжийг бүсчилж тогтоох, дагуул хотуудыг хөгжүүлэх асуудлыг төлөвлөөд байна. 

2022-2024 онд гол гудамжны өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээг 71.5 км, хорооллын дундах холбоос замыг 70.26 км-ээр өргөтгөхөөр тооцжээ. Мөн зургаан нүхэн гарц, 7 гүүрний шинэчлэл, 98 км явган хүний зам, 249 км дугуйн зам байгуулах тооцоо бэлэн болжээ. 

Нийтийн тээврийг хөгжүүлснээр 17-22 хувь, гол замын сүлжээг нэмэгдүүлснээр 30-40 хувь, хот төлөвлөлтийг сайжруулснаар 10-15 хувь, автомашины хэрэглээг багасгаснаар 28 хувь, нийт 50 орчим хувиар түгжрэлийг бууруулах боломжтойг танилцууллаа. 

Хотын даргын танилцуулгатай холбогдуулан Засгийн газрын гишүүд хэлэлцэж байна. 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү