Цагаан сар

Монголчуудын хамгийн эрхэм үндэсний баяр бол “Цагаан сар” буюу сар шинийн баяр билээ. “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг бэлгэшээн, муу муухайг цээрлэн, мал тарган, идээ цагаа элбэг намар цагт тэмдэглэж байсан уламжлал буй.

Цагаан сар бол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр юм. Билгийн тооллын Цагаан сарын баярыг хаврын тэргүүн сард тэмдэглэдэг уламжлалтай билээ. Монголын Цагаан сарын баярыг Монгол улсаас гадна ОХУ-ын Буддын шашинт Буриад, Тува, Алтай, Халимагийн ард түмэн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 1206 онд Их эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, Цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгасан байдаг. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гараг эрхсийн байршил, сарны тооллоор тоолон, одоогийн бидний мөрдөж буй тооллоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн шинэ оноо угтан тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Цагаан сарын баярын эрхэм зорилго нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэж, бие биесээ хүндэтгэх эрхэм ёс, зан үйлд оршдог. Иймд өндөр настандаа заавал өргөө гэрт нь зочлон очиж золгон хүндэтгэл үзүүлдэг.

Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн хөх тэнгэр, байгаль эх дэлхийдээ сүүн цацлаа өргөж, шүтэн дээдэлдэг тэнгэр заяат ард түмэн хэмээн үр хүүхэд, хойч үедээ захиж, эрхэм ёсоо дээдэлж ирсэн уламжлалтай. Тиймээс ч сүү шиг ариун нандин цагаан амьдралыг бэлгэшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Монголчууд жил, цагийг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлон цагалбараа хөтөлдөг онцлогтой. Монголчууд жил, цагийг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлон цагалбараа хөтөлдөг онцлогтой. Монголчууд эртнээс тэнгэр болон байгалийн өнгө, салхины аяс, газар дэлхийгээ чагнан, нар, сар, од гараг эрхсээр зүг чиг болон он цагийг тоолж, тэмдэглэж ирсэн юм.

Монголчууд эрт дээр үеэс эхлэн цагаан сараар юу хийж, юу хийж болохгүй талаар тогтсон ёс заншилтай байжээ.

Тухайлбал : Үйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.

-Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн,

-Эд мал зээлээр өгвөл гарзын vvд нээгдэнэ хэмээн,

-Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,

-Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,

-Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.

-Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.

-Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.

-Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.

-Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү