Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Янмал” ХХК-д ажиллалаа.

Монгол Улсын хамгийн анхны оймсны үйлдвэрлэгч “Янмал” ХХК  өдөрт 20 мянган хос цэвэр даавуун, ноосон оймс, эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Малчдын гар дээрээс түүхий ноос авч, угаах, самнах, ээрэх, будах дамжлагын үйлдвэрүүддээ эцсийн бүтээгдэхүүн болгодог бөгөөд оймсны  зах зээлийн 60 орчим  хувийг хангадаг. Энэ нь жилд есөн сая хос оймс гэсэн үг юм. Мөн 20 орчим улсад бүтээгдэхүүнээ экспортолж байна.

Цар тахлын жилүүдэд тухайн үеийн Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, ус зэргийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд томоохон дэмжлэг болсныг “Янмал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Лхагважав хэллээ.

Цаашид урт хугацаатай, хүү багатай зээл олгож, татварын бодлогоор тууштай дэмжвэл ноос, ноосон бүтээгдэхүүний чиглэлийн аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлээ бүрэн хангаж, экспортоо дорвитой нэмэгдүүлэх боломжтойг хэлэв.

Хөнгөн үйлдвэрлийн салбарт үзүүлэх дэмжлэг жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд ноос, ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд гэхэд л 170 орчим тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтын, эргэлтийн хөрөнгийн зээл олгосон байна.

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү