ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДӨР

Өнөөдөр Энх тайван, хөгжил дэвшлийн төлөө дэлхийн шинжлэх ухааны өдөр.

Энэхүү өдрийг  2001 оны 11-р сарын 10-наас эхлэн тэмдэглэн иржээ.

Шинжлэх ухаан тогтвортой хөгжилд, бидний амьдралын тохь тухтай байдлыг бүрдүүлэх , олон улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг олон нийтэд танин мэдүүлэх зорилготой дэлхий даяар энэ өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болжээ.

Шинжлэх ухаан бидний өдөр тутмын амьдралд салшгүй чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл  шинийг сэтгэгч, бүтээгч хүмүүсийн хийсэн эрэл хайгуул, туршилт судалгааны ачаар дэлхий ертөнц хийгээд хүн төрөлхтний амьдрал өдрөөс өдөрт хөгжиж, аливаа үйлийг хийхэд илүү хялбар болж байгаа юм.

Тийм ч учираас энэ өдөр нийгэмд шинжлэх ухаан чухал үүрэг гүйцэтгэж байгааг, шинжлэх ухааны ололт амжилт, тулгамдсан асуудал зэргийг онцлон олон улсад эрдэмтэн, судлаачид  уулзалт, зөвөлгөөн зохион байгуулдаг байна.

Тэд шинжлэх ухааныг нийгэмтэй илүү нягт уялдуулж , шинжлэх ухаанд гарч буй өөрчлөлтийн талаар санал бодлоо хуваалцаж мэдээллээр хангахыг зорьж байгаа юм.

Энэ нь бидний гэр гэж нэрлэдэг гайхамшигтай гарагийн талаарх ойлголтыг өргөжүүлэх, нийгмээ илүү тогтвортой байлгахад эрдэмтдийн гүйцэтгэх үүрэг ч гэж үздэг аж.

Шинжлэх ухааны онцлох нээлтүүдээс дурьдвал:  

АМЬДРАЛ БАЙЖ МАГАДГҮЙ ГАРАГ ИЛРҮҮЛЖЭЭ

Эрдэмтэд манай гарагаас холгүй орших хатуу гадаргуутай, амьдрал тэтгэх боломжтой агаар мандал бүхий гарагийг олж илрүүлсэн байна. Проксима-Б гэж нэрлэсэн энэхүү гараг нь дөрвөн гэрлийн жилийн зайд оршдог аж. “Nature” сэтгүүлд нийтэлсэн судалгааны тайланд тэмдэглэснээр энэхүү одны аймаг нь манай нарны аймагт хамгийн ойр орших Альфа Центавр галактикийн нэг хэсэг байж магадгүй бөгөөд сансар судлалын цаашдын судалгаа шинжилгээний ажилд ихээхэн нэмэр болох чухал ач холбогдолтой байна. Манай дэлхийн хувьд нарыг бүтэн тойроход 365 өдрийг зарцуулдаг байтал энэ гараг эх одыг богино хугацаанд тойрч байгаагаас ойрхон оршдог гэсэн дүгнэлтийг боловсруулжээ. Манай дэлхийгээс 1.3 дахин их масстай Проксима-Б гараг амьдрал тэтгэх боломжтой аж. Учир нь, гарагийн эх од болох улаан одой од нь манай нарнаас бүлээхэн төдийгүй, арай бүдэг юм байна. Тиймээс гарагийн гадаргуу ус шингэн төлөвт оршин байж болохуйц нөхцөл бий гэсэн үг аж. Түүнчлэн дэлхийгээс холгүй орших энэхүү гарагийн ачаар бид хэзээ нэгэн цагт од хоорондын аялал хийх боломжтой болж байгааг судлаачид онцолж байна.

 ОЗОНЫ ДАВХАРГЫН НҮХ БАГАСЧ БАЙНА

Хүн төрөлхтнийг олон жилийн турш айлгаж, "Амьдралын төгсгөл ирж байгааг сануулж” байсан озоны давхаргад гарсан нүх нөхөгдөж эхэлжээ. Хэрвээ энэ эрчээрээ багасаад байвал 2050 он гэхэд цоорхой бүрэн нөхөгдөх аж. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярьж эхлэхээс өмнө энэхүү нүх дэлхий нийтийн анхаарлыг татсан байгалийн хамгийн том гамшиг байсан юм. Озоны цоорлын тухай мэдсэн 1980-аад онд агаар цэвэршүүлэгч, хөргөгч, гал унтраагч, шүршигч зэргийн найрлаганд хлорофлорокарбон буюу CFC хэмээх химийн нэгдэл ордог байжээ. Тэрхүү бодис нь Антарктикдын харалдаа орших озоны давхаргад маш том нүх гаргасан бөгөөд 2000 оны есдүгээр сард 32 сая км2 талбайтай гэж тооцож байсан юм. Харин өнгөрсөн оны есдүгээр сард хийсэн хэмжилтээр озоны цоорхойн талбай 17 сая км.кв болсон байжээ. Энэхүү цоорхойгоор нарны хэт ягаан туяа дэлхий рүү шууд нэвтэрснээр арьсны хавдар, нүдний болорт сэв суух, дархлалын системийн өвчлөл үүсэх аюултай юм. Түүнчлэн цацраг нь загасчлал, хөдөө аж ахуйн салбарыг ч сүйрүүлэх уршигтай. Озоны цоорхойн тухай 1987 онд 20 гаруй орны удирдагчид хуралдаж "Монреалын протокол"-ыг баталсан байдаг. Протоколд заасны дагуу үйлдвэрлэгчид болон худалдан авагчид “дэлхийг аврахын тулд" CFC агуулсан бараа, бүтээгдэхүүнээс татгалзаж эхэлжээ.

Фотон

Гэрлийг бүрдүүлэгч жижиг эгэл биетүүдийг фотон хэмээдэг билээ. Энэ нь ямар нэгэн массгүй боловч гэрлийн хурдаар аялдаг байна. Анх 1926 онд Гилберт Льюис (Gilbert Lewis) фотоныг тайлбарлаж байсан гэдэг ч тухайн үедээ хүмүүс сонирхолгүй өнгөрсөн юм. Харин сүүлд нэрт физикч Альберт Эйнштэйн нээн илрүүлж, өдгөө хүн бүрийн мэддэг нэгэн нэршил болсон билээ. Түүний энэхүү нээлт нь физикийн шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан юм

 

Нийтэлсэн: Зүтгэл.МН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Зүтгэл.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү